Мэргэжлийн байгууллагууд хамтран Сэлэнгэ аймагт олборлолт, хайгуул хийж бу​й ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй ААН-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийлээ. Шалгалтаар хууль зөрчсөн 63 ААН, 87 иргэний үйл ажиллагааг зогсоож, 363 иргэнийг олборлолтын газраас албадан гаргасан байна.

Үйл ажиллагаа явуулж байсан компаниудын 128 экскаватор, 57 ковш, найман бульдозер, 103 ачааны машин, 73 суудлын тээврийн хэрэгсэл, 12 контейнер, хоёр ширхэг чиргүүл зэрэг уул уурхайн тоног төхөөрөмжийг буулгаж, талбайг чөлөөллөө.

Эдгээр газрыг Байгаль орчны хяналтын бүст оруулан, хяналт тавихыг Ерөө, Хүдэр, Баянгол сумын ЗДТГ, Байгаль орчны ажилтанд үүрэг болгосон байна.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн компаниуд нэмэгдэж, олборлолт хийхийн зэрэгцээ хууль тогтоомжийг мөрдөж ажилладаггүй, нөхөн сэргээлт хийдэггүй, байгалийн онгон дагшин байдлыг алдагдуулдаг зэрэг асуудал гарсаар байгаа юм. Иймд Засгийн газраас өнгөрсөн сарын 21-нд Архангай, Өмнөговь аймгийн 19 ААН-ийн 23 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.