Засгийн газрын хуралдаанаар хоёр дэд сайд, хоёр төрийн нарийн бичгийн дарга, нэг газрын даргыг томиллоо. Тодруулбал, хууль зүй дотоод хэргийн яамны дэд сайдаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тэргүүн дэд дарга Г.Элбэгсайханыг, Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатарыг томилсон байна.

Мөн ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар тус яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдыг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Бямдоржийг, Архивын ерөнхий газрын даргаар түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Энхбаатарыг томиллоо.

Сануулбал, БХБЯ-ны дэд сайд асан Ш.Лхамсүрэн ЖДҮ-г хөгжүүлэх сангаас 450 сая төгрөгийн зээл авсан учир 11 сарын 21-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Харин ЗТХЯ-ны тухайд газрын дарга нар нь ажлын байран дээрээ архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн асуудлаас үүдэн Ж.Бат-Эрдэнэ багаараа огцорсон байна.

Г.Элбэгсайханы намтар:

  • 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль,
  • 2006 онд Английн Эксетерийн их сургууль,
  • Англи, орос хэлтэй
  • 1998-2001 онд Балко ХХК-д хуулийн зөвлөх,
  • 2001-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, газрын дарга,
  • 2012 онд Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга,
  • 2013-2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтсийн дарга, газрын дарга, дэд дарга,
  • 2017 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байна.

Б.Мөнхбаатарын намтар:

  • 1996 онд Техникийн их сургууль,
  • 2001 онд МУИС-ийн Нийгмийн факультет,
  • 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль,
  • 2006 онд Зүүн Лондонгийн их сургууль,
  • Англи, орос хэлтэй,
  • 1998-2001 Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2001-2002 онд МАХН-ын улс төрийн ахлах зөвлөх,
  • 2002-2004 онд БСШУЯ-ны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, газрын орлогч дарга,
  • 2006-2008 онд нийслэлийн ЗДТГ-т хэлтсийн дарга,
  • 2008 онд БЗД-ийн Засаг дарга,
  • 2008-2012 онд нийслэлийн Засаг даргын орлогч,
  • 2014-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд
  • 2016 оноос Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ын гишүүн, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

С.Батболдын намтар:

  • 1992 онд Цэргийн их сургууль,
  • 2000 онд Удирдлагын академи,
  • 2006 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургууль,
  • 2011 онд Батлан хамгаалах их сургууль,
  • Орос, англи хэлтэй,  
  • 1992-1993 онд Ардын армийн 133-р ангид ротын техникийн орлогч,
  • 1993-1998 онд Шандаст хүлэг ХК, Хан-Уул хайрхан хоршоонд механик инженер,
  • 1998-2002 онд Пок ХХК-д замын хөдөлгөөний дүрмийн багш,
  • 2002-2005 онд СКА ХХК-д захирал,
  • 2005-2012 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Тээврийн үйлчилгээний төвд ахлах оношлогч инженер, ахлах мэргэжилтэн, албаны дарга, хэлтсийн дарга,
  • 2012-2016 онд Зам тээврийн яамны  ахлах мэргэжилтэн,
  • 2016 оноос Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байна.

Б.Бямбадоржийн намтар:

  • 1995 онд Анагаах ухааны их сургууль,
  • 2002 онд Удирдлагын академи,
  • 2015 онд АНУ-ын Харвардын Кеннедийн Төрийн захиргааны сургууль,
  • 2017 онд Гүрэн дээд сургууль,
  • Орос, англи хэлтэй,  
  • 1988-1989 онд Халдварт өвчнийг анагаах клиникийн төв эмнэлэгт асрагч,
  • 1994-1995 онд Нэгдсэн II эмнэлэгт сэхээний тасгийн эмч,
  • 1996-1999 онд АУИС-ийн Клиникийн төв эмнэлэгт их эмч,
  • 1999-2018 Улсын клиникийн төв эмнэлэгт клиникийн эрхлэгч, эмчилгээ, сувилгаа эрхэлсэн захирал, Бөөр шилжүүлэн суулгалтын их эмч, Гемодиализийн төвийн эрхлэгч, эмчилгээ хариуцсан орлогч дарга, ерөнхий захирал,
  • 2018 оноос Эрүүл мэндийн сайдын зөвлөх ажиллаж байна.

С.Энхбаатарын намтар:

  • 1999, 2007 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль,
  • 2014 онд Макьюрийн их сургууль,
  • Орос, англи хэлтэй,  
  • 1999-2008 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт мэргэжилтэн, Тамгын хэлтсийн дарга,
  • 2008-2009 онд Иргэний бүртгэл, мэдээллийн төвийн дэд дарга,
  • 2009-2012 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын орлогч дарга, ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч,
  • 2012 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын референт,
  • 2012-2013 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэд дарга, орон тооны гишүүн,
  • 2015-2016 онд Соёмбо-легал партнерс нөхөрлөлд зөвлөх,
  • 2016-2018 онд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал,
  • 2018 оны зургадугаар сараас Архивын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна.