Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, хэлэлцсэний дараа санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны дэмжээгүй саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.

Хуралдааны үеэр АН-ын төлөөлөл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “ Нөхөн сонгуультай холбоотой асуудал хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзсэн. Ардын намынхан нөхөн сонгуулиар ялагдана гэхээс айсандаа ийм шийдвэр гаргуулсан” гэж хэлсэн нь ардын намынхны дургүйцлийг ихээхэн хүргэжээ.

Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, “Б.Пүрэвдорж чи хэн болоод, юу болоод ийм юм яриад байгаа юм. Цадигтай бай, баримттай ярь. Цэцийн гишүүдийг ардын нам томилсон юм уу. Хамгийн сүүлийн гурван хүнийг хэн оруулж ирлээ. Та нар дэмжээд явсан биз дээ” гэсэн юм.

Сануулбал, Цэц наймдугаар сарын 22-нд дунд суудлын хуралдаанаараа Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын 62-р тогтоол нь Үндсэн хуулийн зарим, зүйл заалтыг зөрчсөн гэж үзжээ. Ийнхүү 10 сарын долоонд товлогдоод байсан нөхөн сонгууль хойшлох хууль эрх зүйн орчин бүрдсэн юм.

Хэрэв УИХ-ын чуулган Үндсэн хууль зөрчсөн гэх цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй бол уг асуудлыг Цэц их суудлын хуралдаанаараа дахин хэлэлцэх болно.