Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр Ардчилсан нам ЦЕГ-т гомдол гаргасан байна.

Тодруулбал, Ц.Нямдорж нь есдүгээр сарын 21-нд өгсөн нэгэн ярилцлагадаа “Зам тээврийн яаманд хүний аминд халдсан хүнийг улс төрийнх нь угшил мугшилаар нь хөөвөл Ардчилсан нам, МоАХ-ын фракцын хүн юм байна лээ шүү дээ” хэмээн хэлсэн юм.

Тэгвэл Зам тээврийн хөгжлийн яаманд хүний амь бүрэлгэсэн гэх Б.Махбал нь АН-ын гишүүн байгаагүй гэж тус намын зүгээс мэдэгдэж, Ц.Нямдоржийг Зөрчлийн тухай хуулийн 6.21.1-д заасны дагуу шалгаж, хариуцлагыг хүлээлгэхийг хүссэн байна.

Сануулбал, наймдугаар сард ЗТХЯ-ны газрын дарга нар ажлын байранд дээр архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан юм.

Урьдчилсан шалгалтаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал гэгч нь Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан болох нь тогтоогджээ.