МХЕГ-аас энэ оны үйл ажиллагаандаа морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх ажлыг орон даяар зохион байгуулахаар тусгажээ.

Баяр наадмын өдрүүд ойртож байгаатай холбоотойгоор Унаач хүүхдийн аюулгүй ажиллагааг хангах тухай зөвлөмжийг уяач, наадмын комисс, морь унаач хүүхдийн эцэг эх мөрдөхийг уриаллаа. Өнгөрсөн 2017-2018 онд нийт 71.121 хүүхэд морь унаж уралдсанаас 942 нь мориноос унаж, 22 хүүхэд хүнд гэмтэл авч нэг хүүхэд тахир дутуу  болсон харамсалтай хэрэг гарчээ.

Иймд унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах журам, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага зэргийг мөрдөж ажиллахыг аймаг, нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын газар, хэлтсүүдэд зөвлөж байна. Тодруулбал,

  • Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих стандартад заасан хамгаалах хэрэгслээр хангах, анхааруулга, санамж, стандартыг  морь уралдуулж буй эздэд хүргүүлэх,
  • Хамгаалах хэрэгсэл хувцасгүй хүүхдээр морь унуулж уралдуулахгүй байхыг аймаг, нийслэл, дүүрэг сумдын Морин спорт уяачдын холбоо түүний салбар хороо, баяр наадмын комисст урьдчилан анхааруулах, шаардлагыг биелүүлээгүйгээс үүдэх эрсдэлийг хариуцаж ажиллахыг хуулийн хүрээнд сануулан мэдэгдэх,
  • Морин уралдааны үед тавих хяналтыг орон нутгийн хүүхдийн байгууллагын ажилтнуудтай хамтран гүйцэтгэх,
  • Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага (ММЗ 6264:2018) стандартыг хангаж ажиллаагүй уяачдын холбоо, наадмыг зохион байгуулах комиссыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэх,
  • Сум, багийн хүрээний бэсрэг наадам, их богино сунгаа, овоо тахилга, бооцоот уралдааны үед морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах асуудал үндсэндээ орхигдож унаач хүүхдүүд эрсдэлд өртөх явдал их байгаад онцгой анхаарч тухайн баярын арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа этгээд хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих асуудлыг сум, дүүрэг, баг, хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн хариуцан зохион байгуулж байхаар хамтран ажиллах гэрээнд тусган хэрэгжүүлэх,
  • Морь унаж буй хүүхдийн эцэг эх, уяачдын хооронд гэрээ байгуулах ажилд хяналт тавих, морь унах хүүхдийн насны доод хязгаарыг Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт Баяр наадмын хурдан морийг долоогоос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна/ Учирч болох эрсдэлийг хэрхэн зохицуулах, унаач хүүхдэд өгөх цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, хууль эрх зүйн актыг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхой тусгуулах арга хэмжээ авах,
  • Морь унаач хүүхдийн аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт хийх тухай 2019 оны 01/41 тоот удирдамжийн дагуу арга хэмжээ зохион байгуулж тайлан мэдээг хугацаанд өгөх,

Зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүйгээс гарсан зөрчил дутагдлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Морин спорт уяачдын холбоо, наадмын комисс болон морь унаач хүүхдийн эцэг эх хариуцах ёстойг анхааруулж байна.