Автотээврийн үндэсний төвөөс иргэн, ААН машинд хуурамч бичиг баримт бүрдүүлэн худалдах, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах гэмт хэрэг нэмэгдэж байгааг анхаарууллаа.

Тодруулбал, тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн татвар, торгуулиа төлдөггүй, даатгалд хамруулдаггүй, оношлогоонд оруулахгүй байх зэрэг зөрчлийг ашиглан машинд нь хуурамч бичиг баримт бүрдүүлж, дээрх гэмт хэргийг үйлддэг байна.

Иймд Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгсэл эзэмшигч өмчлөгч иргэн, ААН-үүд өмчлөлийн автомашиныхаа ашиглалтад хяналт тавих, аливаа өөрчлөлт шилжилт хөдөлгөөнийг хийлгэхдээ биечлэн очиж байхыг анхаарууллаа.

Түүнчлэн иргэд, хуулийн этгээд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн мэдээллийг бүртгэлийн байгууллагаас авах, тухайн тээврийн хэрэгслийн шаардлагатай лавлагаа, мэдээллийг албан ёсоор гаргуулах, тээврийн хэрэгслийн гэрчилгээний нууцлалыг сайтар шалгах зэргээр гэмт хэрэг, луйвраас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Дашрамд дурдахад, Манай улс 1950-иад оноос тээврийн хэрэгслийн техникийн байдалд хяналт тавих ажлыг жилд нэг удаа хийж, тоо бүртгэл хөтлөх, татвар, даатгалд хамруулах болсон байна. Мөн одоогоор улсын хэмжээнд иргэн, ААН-ийн өмчлөлд нийт 851.179 автомашин бүртгэлтэй байгаа юм.