Өнгөрсөн жилийн наадмаар хоолны хордлогод орсон иргэдийн ихэнх нь баталгаагүй буюу ил задгай газраас худалдаж авсан хүнсний бүтээгдэхүүнээс хордсон гэж албаныхан мэдэгдсэн юм. Тиймээс иргэдэд хүнсээ зөв сонгох, хадгалах, наадмын хуушуур, ундааг баталгаатай газраас авахыг зөвлөж байна.

Мөн хэт халуун тостой хуушуур болон хорхог идсэний дараа хүйтэн ундаа, айраг зэргийг уух нь архаг хууч өвчнийг хөдөлгөдөг гэнэ. Өнгөрсөн жил наадмын талбайгаас хуушуур, хүнсний бүтээгдэхүүн авч хэрэглэсний дараа 20 гаруй хүн ходоод гэдэсний хямрал болж, архаг өвчин нь сэдэрсэн байна.

Түүнчлэн баярын өдрүүдэд бие биеэ архиар шахахгүй байхаас гадна бага насны хүүхэд хэт халууцсан үед хүйтэн зүйл идүүлэх нь ханиад хүрэх, хоолой өвдөх эрсдэлтэй юм.

Баярын өдрүүдэд эрүүл мэндийн яам болон бусад салбар эмнэлгүүд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана.