Нарны хорооллын хойно байрлах Гранд слаб компаний барьсан 960 хүүхдийн суудалтай сургууль, 280 хүүхдийн ортой цэцэрлэгийг Засгийн газар худалдаж авахаар шийдвэрлэлээ. Тус сургууль цэцэрлэгийг энэ хичээлийн жилээс ажиллуулж, худалдан авах хөрөнгийг 2019 оны төсөвт батлуулахаар боллоо.

Гэхдээ төр хичнээн төгрөгөөр худалдаж авч байгаа нь тодорхойгүй ба Гранд слаб компанийн захирал Д.Буянбат сургууль, цэцэрлэгийг 22.7 тэрбум төгрөгөөр барьсан гэлээ.

Сануулахад, Нарны хорооллын оршин суугчид Гранд слаб компаний барьсан тус сургууль цэцэрлэгийг худалдаж авахыг Засгийн газраас шаардаад байсан юм. Учир нь тус хороололд сургууль, цэцэрлэг байхгүйгээс үүдэн хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигддөг байжээ.

Тиймээс нарны хорооллын оршин суугчид энэ сарын 10-нд сургууль цэцэрлэгийг улсад авахыг шаардсан жагсаал хийхээр төлөвлөөд байсан юм.

Зураг: Твиттэр

Ийнхүү Засгийн газрын шийдвэрийн дагуу есдүгээр сарын нэгнээс өмнө дээрх сургууль цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгох, дүрмийг батлах ажлыг салбарын сайд Ц.Цогзолмаа хийх юм.

Ингэснээр тус сургууль, цэцэрлэгт Нарны хороолол, Гранд вилл, Цагдаа, Есөн эрдэнэ, Уран ган, Алтай хотхоны хүүхдүүд суралцах боломжтой болох юм. Зөвхөн Нарны хорооллын бүсэд 5700 хүн амьдарч байгаагийн 4780 нь 0-18 насны хүүхэд гэнэ.