Өнөөдөр 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний Азийн аварга, өсвөрийн шигшээ багийнхан жагсаал хийж, спортын ордонд бэлтгэл хийлгэхийг, төрөөс дэмжиж мөнгөн шагнал олгохыг шаардсан юм.

Тэд салбарын сайд Ц.Цогзолмаа, спортын газрын дарга Ц.Шаравжамц нарыг “Сагсан бөмбөгийн хөгжилд бүү саад бол” гэсэн лоозон барьж, тус салбарт хууль хэрэгжихийг шаардаж байна гэлээ. Энэ тухай спортын газрын дарга Ц.Шаравжамцаас тодрууллаа.

Сагсан бөмбөгийн тамирчид өнөөдөр жагсаал хийж, спортын ордонд бэлтгэл хийлгэхийг шаардлаа. Та тайлбар өгөхгүй юу?

Нэгдүгээрт, спортын ордонд ганцхан сагсан бөмбөг ордоггүй. Ганц сагсан бөмбөг биш бусад бүх төрлийн спортын уралдаан тэмцээнийг спортын ордонд зохион байгуулж байна. Тогтмол бэлтгэлийн цаг гаргаж өгөх боломжгүй. Яагаад гэвэл гурав, дөрвөн сарын өмнө яригдаад гэрээ хийгээд, хууль ёсны дагуу явдаг асуудал юм. Урьд нь тэд нэг удаа бичиг өгсөн. Нэг дэх, гурав дахь, тав дахь өдрийн үдээс хойш цаг авъя гэсэн. Таван сарыг дуустал гэрээ хийгдсэн учраас одоо гэрээгээ эртхэн хийгээд таван сараас хойш авч болно гэсэн хариуг нь бичгээр өгсөн.

Тэд хэлэхдээ, улсаа төлөөлж 3х3 дэлхийн аваргад орох учир бэлтгэлээ улсын зааланд хиймээр байна гэсэн?

Заал мундсан биш дээ. Монголоор дүүрэн заал байна. Зөвхөн бэлтгэл хийх төдийд аль ч бэлтгэлийн зааланд очоод хийсэн нээлттэй байгаа шүү дээ. Аль ч спортынхон хувийн зааланд мөнгөө төлөөд л бэлтгэлээ хийж байна.

Гадны тэмцээнээс медаль аваад ирэхэд хүлээж авч уулздаггүй гэж хэлсэн. Энэ үнэн үү?

3х3-ын Азийн аварга Улаанбаатарт зохиогдсон. Аварга болоход нь би өөрөө баяр хүргэсэн. Ер нь амжилт гаргасан тамирчдыг тогтмол хүлээж авч уулздаг.

Бидэнд өгөх ёстой мөнгөн шагналыг өөр хүнд өгөөд байна гэсэн. Мөн шигшээ багийнхны авах ёстой цалинг өөр хүүхдүүд авч байна гэсэн. Үнэн үү?

3х3 багийнхан мөнгөн шагналаа авсан. Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн шагнал нь одоо яг шийдэгдэх гээд яаман дээр байгаа. Харин цалингийн хувьд, багийн спортыг дэмжих хүрээнд Залуучуудын шигшээ багийг барья гэсэн. Уг нь 12 тамирчинтай байх ёстой байсан. Гэхдээ санхүүгийн хомсдолоос болж таван тамирчин нэг дасгалжуулагчтай баг барьж байгаа юм. Тэднийг цалинжуулж байна. Үүний нэрсийг Монголын сагсан бөмбөгийн холбоо гаргадаг. Нэг үгээр хэлбэл ирээдүйтэй гэсэн бага насны залуучуудыг бэлтгэл хийлгэж байна.

Сагсан бөмбөгийн шигшээ баг гадагшаа тэмцээнд явахад улсаас зардлыг нь гаргадаг. Тэгвэл үүнээс өөр ямар дэмжлэг үзүүлдэг юм бэ?

Байнгын шигшээ багийн тамирчдад тодорхой хэмжээний цалинг Биеийн тамир спортын газраас олгодог байсан. Харин энэ оны 1 сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн хуулийн дагуу холбоонууд нь олгодог болсон. Мөн бэлтгэл сургуулилт хийх мөнгийг нь гаргадаг. Байнгын бус шигшээ багийн хувьд цалин өгдөггүй, тодорхой хэмжээний бэлтгэл сургуулилтынх нь зардлыг гаргадаг.

Спортын салбар тэр дундаа сагсан бөмбөгийн эдгээр асуудлуудыг шийдэх хууль эрх зүйн орчин байдаг уу?

2018 оны 1 сарын 1-нээс эхлээд Биеийн тамир спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн. Тийм учраас энэ хуулиа судал гэж зөвлөе. Энэ хуульд нэлээн нааштай зүйлүүд орсон. Одоо шинэ хуулиа дагаад өөрчлөгдөх 12-13 дүрэм, журам, хөтөлбөрүүд байна. Яг одоо тэр өөрчлөлтүүдээ хийгээд ажиллаж байна. Мөн энэ хуулийн дагуу шигшээ багийг шалгаруулах, санхүүжүүлэх журам сайдаар батлагдах гээд хүлээгдэж байна. Энэ журам гарсны дараа ямар төрлөөр шигшээ баг барих нь шийдэгдэнэ.

Ер нь спортын газраас сагсан бөмбөгийг дэмжих ямар бодлого хэрэгжүүлдэг юм бэ?

Одоогийн байдлаар “багийн спортыг дэмжих” гэсэн ерөнхийлөгчийн зарлиг байна. Үүнийг хэрэгжүүлэх хөтөлбөрийг хийж байна. Үүнээс өмнө нь сагсан бөмбөг дээр улсаас олигтой дэмжлэг өгч байгаагүй. 1994 оноос анхны лиг эхэлснээс хойш сагсан бөмбөгийн холбоонд улсаас дэмжлэг өгч байгаагүй. Одоо ер нь дэмждэг больё гээд хөтөлбөрийг нь боловсруулж байна.