Компаний тухай хуульд заасны дагуу хувьцаат компаний ТУЗ санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, гурав хоногийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдлээр ирүүлдэг.

Тэгвэл энэхүү хуульд заасан 50 хоног энэ сарын 19-нд дуусгавар болсон ба хуулийн хугацаанд нийт 51 хувьцаат компани мэдэгдлээ ирүүлснээс 11 нь нийт 54.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ.

Сүүлийн үед дотоодын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжих компаниудын тоо өсч байгаа юм. Өнгөрсөн оны эцсийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй нийт 305 хувьцаат компани байжээ.  

Сануулахад, өнгөрсөн онд үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2.511.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад 2.9 хувийн өсөлттэй ажиллажээ.