НИТХ-ын гуравдугаар сарын 27-ны хурлаар ЗГХЭГ-ын чиглэлийн дагуу 100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай компанид 50 га газар хүлэмжийн аж ахуй эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэж, зөвшөөрөөгүй байна. Гэвч хотын дарга С.Амарсайханы захирамжаар Хятадын компанийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаа явуулахаар болжээ.

Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун болон хүлэмжийн аж ахуй эрхлэгчид Төрийн гурван өндөрлөг болон Хотын даргад тав хоногийн хугацаатай шаардлага хүргүүллээ.

Шаардлагад Хятадын компанид олгосон 50 га газрыг нээлттэй сонгон шалгаруулалтаар дотоодын аж ахуй эрхлэгчдэд олгох, дотоодын аж ахуй эрхлэгчдийг бодлогоор дэмжих зэрэг асуудлыг тусгасан байна. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол орон даяар тэмцэл хийнэ гэдгээ мэдэгдлээ.

Хятадын компанид олгосон гэх 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх ажил нь 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай бөгөөд Улаанбаатарын нийт хүлэмжийн аж ахуйн 90 орчим хувийг эзэлдэг байна.

Хэрэв 50 га газрыг дотоодын аж ахуй эрхлэгчдэд өгвөл жилийн дөрвөн улиралд нарийн ногоо, жимсийг дотоодоосоо бүрэн хангах боломжтой гэдгийг аж ахуй эрхлэгчдийн төлөөллүүд хэллээ.

Харин Хятадын компанид олгосноор хүлэмжийн аж ахуй эрхлэгчид дампуурах, хүнсний аюулгүй байдал алдагдах, хөрсийг химийн бодисоор хордуулах зэрэг эрсдэлтэй гэнэ.

ЗГХЭГ-аас чиглэл өгсөн албан бичигт Тяньжин хоттой 10 бодит ажлыг хамтарч хийхээр тохиролцсоны нэг нь 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх ажлыг Хятадын компани гүйцэтгүүлэх гэсэн байна. Мөн дээрх 50 га газрыг цаашид 300 болгоно гэх аман гэрээ хийсэн гэж С.Мөнхчулуун мэдэгдлээ.

Хятадын компанид олгосон 50 га газрын таван гад өвлийн хүлэмж, үлдсэнд нь зуны хүлэмж эрхэлнэ гэсэн байна. Энэхүү газар нь СХД-ын 21-р хороо буюу 61 гарамын орчимд байрлалтай ба 26 иргэн хоёр ААН-ийн газрыг чөлөөлжээ.

Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 24.9 га талбай бүхий өвлийн хүлэмж байгаагийн 90 гаруй хувь нь Улаанбаатар, Төв аймагт байна.