Ерөнхий сайд тариалангийн бүс нутагт хийсэн томилолтоосоо буцах замдаа СХД-н Жаргалант тосгоны Түмэн сүйх ХХК-ийн хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа.

Жимс жимсгэнийг дотооддоо тарьж ургуулах, жилийн дөрвөн улирлын туршид хүлэмжийн аж ахуй эрхлэхэд цахилгаан, эрчим хүч их шаардагддаг гэдгийг хүлэмжийн аж ахуй эрхлэгчид онцолсон юм.

Улмаар цахилгаан, дулааны үнийн хөнгөлөлт олгох, олон улсын төсөл, хөтөлбөрт хамрагдахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ. Тэрээр хариуд нь хүлэмжийн аж ахуйн хэрэглээний эрчим хүчийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахаар боллоо.

Манай улс нарийн ногоо, жимс жимсгэнийнхээ 90 хувийг импортоор авдаг байна. Хэрэв жилд 20 га-д тариалалт хийж чадвал нарийн ногооны 70 хувийг хангах боломжтой гэнэ.

Сануулбал, 2016 оноос гэр хорооллын айл өрхийн 21.00-06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны 100 хувь хөнгөлсөн юм.