Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Батзаяа, Э.Оюундарь нарыг бүлэглэн хүн худалдаалах, насанд хүрээгүй хүнийг улсын хил давуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оноолоо.

Тодруулбал, шүүгдэгч Б.Батзаяагийн 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, таван жил зургаан сар, Э.Оюундарьт мөн адил торгууль ногдуулж, таван жил нэг сар хорих юм. Тэдний ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хорих анги нь нээлттэй болон хаалттай гэж байх ба нээлттэй нь ялтныг нийгмээс бүрэн тусгаарлалгүйгээр, гэр бүл, хамт олон зэрэг эерэг орчны нөлөөлөл дор ял эдлүүлдэг бол хаалттай нь хатуу хяналтан дор ял эдлүүлэхийн зэрэгцээ амьдрах байр нь ялтны зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байдаг юм.

Сануулбал, хүн худалдаалах гэмт хэрэг манай улсад анх 1990 онд бүртгэгдсэн байна. Үүнээс хойш 2016 онд найм, 2017 онд 12, энэ оны эхний хагаст 11 хүний наймааны тохиолдол бүртгэгджээ. Мөн Хүйсийн тэгш эрхийн төвд жилд дунджаар 50 хүн хүний наймааны хохирогч болсон тухайгаа мэдэгддэг гэнэ.