Бид тоймлоё, Та унш

2019.05.08 Лхагва                            20°C   2,641.72  Бие эрхтний хүч сайжирна

Чухлыг тоймлоё


Хүний буруугаас болж амьтан, ургамал устах аюултай байна

Сая гаруй төрөл зүйлийн амьтан, ургамал хүний буруутай үйлдлээс болж мөхлийн ирмэгт ирсэн гэж НҮБ мэдээллээ. Жнь: 2 нутагтны 40%, сүүн тэжээлтэн, далайн шүрний 30% устах аюул нүүрлэжээ.

Хүмүүс яасан гэж?

Дийлэнх хэрэгцээгээ байгалиас хангадаг. Тухайлбал, 2 тэрбум хүн мод түлж, 4 тэрбум хүн байгалийн гаралтай эм хэрэглэж байна. Дэлхий дээрх ой мод Аж үйлдвэрийн хувьсгалаас хойш 70%-р багассан ба жил бүр 60 сая тн байгалийн баялаг олборлож байгаа нь 30 жилийн өмнөхөөс 2 дахин их тоо юм.

Амьтад уствал хүмүүс өлсөнө

Сая гаруй төрлийн амьтад устаж, шавжны тоо толгой өссөнөөс болж жимс, ногоо, кофе, үр тарианы 75% нь хомсдох гэнэ. Ингэснээр дэлхий дахинд ядуурал, өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэй болно. Иймд одооноос ой модыг сэргээх, ХАА-г хөгжүүлэх, биологийн төрөл зүйлийг хамгаалахад анхаарахыг НҮБ зөвлөжээ.


Баян-Өлгийд тогтоосон хөл хориог цуцаллаа

Тус аймагт тарваган тахлын улмаас 2 иргэн нас барсантай холбоотойгоор тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа. Хорио цээрийн дэглэмийн хугацаанд тахлын сэжигтэй тохиолдол дахин бүртгэгдээгүй байна. Харин тарваган тахал халдварласан байх магадлалтай 124 хүнийг антибиотик эмчилгээнд хамруулж, эмчийн хяналтад авчээ.


Шуудангаар дахин хар тамхи оруулахыг завдлаа

Испаниас ОУ-ын шуудан ашиглан их хэмжээний хар тамхи хилээр нэвтрүүлэх гэж байсныг цагдаа, гаалийнхан хамтран илрүүллээ. Шуудангаас илэрсэн 3 кг орчим гашиш гэх бодис нь хар захын ханшаар ₮300 орчим саяар үнэлэгджээ. Одоогоор эзэн холбогдогчийг тогтоогоогүй байгаа ба мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.


Мьянмарын сэтгүүлчид суллагдлаа

Тус улсын цэргүүд Исламын шашинтай Рохингья үндэстнийг хүчирхийлж байгаа талаар сурвалжилсан 2 сэтгүүлч 2017/7 сард хоригдож, 2018/9 сард улсын нууц задруулсан хэргээр 7 жилийн ял авсан юм. Үүнийг хэвлэлийн эрх чөлөөнд халдсан явдал гэж ОУ-ын хүний эрхийн байгууллагууд эсэргүүцсэнээр ийнхүү буруугүй нь тогтоогдлоо. Уг хэрэгтэй холбоотойгоор Мьянмарын ерөнхийлөгч Ан Сан Су Чигийн Сайхан сэтгэлийн элч, Канадын хүндэт иргэний өргөмжлөлийг хураасан юм.


Амиа хорлох гэж буй хүнийг хэрхэн таних вэ?

Америкийн амиа хорлолтоос сэргийлэх байгууллагын мэдээлснээр амиа хорлох гэж буй хүн нь үхэх талаар ярих, архи, хар тамхи хэрэглэх, хэт их эсвэл бага унтах, зан ааш тогтворгүй болох, өөрийгөө бусдаас тусгаарлах зэрэг үйлдлийг гаргадаг байна. Иймд эдгээр шинж тэмдэг илэрсэн хүнийг ганцааранг нь орхихгүй байж, эм, зэвсэг, хурц үзүүртэй зүйлээс хол байлган сэтгэл зүйн тусламж үзүүлэхийг зөвлөжээ. Дэлхийд 40 секунд тутамд 1 хүн амиа хорлодог байна.

Таны сонорт


Related image Тоосжилт өндөр байгаатай холбоотойгоор Налайхын түр замаар 30 км/цагийн хурдтай явахыг албаныхан зөвлөлөө.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр