СБД-ийн нэгдүгээр хороо, Хүнсний 20-ийн нүхэн гарцыг өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 25 хүртэл шинэчлэн засварлахаар боллоо.

Хуучнаар Хүнсний 20 буюу одоогийн Мөнгөн Завьяагийн урд байрлах нүхэн гарц нь анх 1988 онд баригдсан ба өнөөдрийг хүртэл засвар шинэчлэлт огт хийгдээгүй байна. Үүнээс үүдэн таазнаас ус шүүрч, ус зайлуулах худгийн насос ажиллахгүй, гэрэлтүүлэггүй болжээ.

Ийнхүү засвар эхэлж, нүхэн гарц хаагдсан учир явган хүний гарцыг шийдвэрлэсэн байна. Засварын хүрээнд шатны орц гарцад шинээр бүхээг хийж, туннелийн дотоод хэсгийн ус зайлуулах шүүрт худаг, трапыг шинэчлэн сэргээж насос суурилуулах, дээврийн ус нэвчилтийг зогсоох, цахилгааны монтажийг иж бүрэн шинэчлэх, камержуулах, шат болон дотор ханыг иж бүрэн тохижуулах юм байна.

Ингэснээр камерын хяналтыг 24 цагаар Улаанбаатар хотын шуурхай удирдлагын зохицуулах төвөөс хяналт хийх боломж бүрдэх гэнэ.