Дэлхий даяар нийт үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүний гуравны нэг буюу нэг их наяд доллартой тэнцэх бүтээгдэхүүн хаягддаг. Тодруулбал, Европ, Хойд Америкийн орнуудад нэг хүнд ногдох хүнсний хаягдлын хэмжээ жилд 95-115 кг, Африк, Зүүн өмнөд Азийн орнуудад жилд 6-11 кг байгаа юм.

Энэ нь хүнсний зохисгүй хэрэглээ, хүмүүсийн цамаан зантай холбоотой гэдгийг албаныхан хэлж байна. Иймд хүнсний зохистой хэрэглээг хэвшүүлэх талаарх мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэе.

Тогтмол хөдөлгөөнтэй байж, биеийн жингээ хянах

Ингэснээр та биеийн жингээ хянахаас гадна олон төрлийн өвчлөлөөс өөрийгөө хамгаалж чадна. Мөн хоол хүнсийг тохируулан хэрэглэж сурах юм. Илчлэг ихтэй хүнсийг ихээр хэрэглэж хөдөлгөөн бага байснаар өөх тос таны арьсан дор хуримтлагдаж таргалалт үүсдэг байна. Хэрэв та төгс сайхан биетэй байхыг хүсвэл хоногт 30 минутаас дээш хугацаанд идэвхтэй хөдөлгөөн хийхээс гадна өөх тос, сахар, цагаан гурилаар хийсэн бүтээгдэхүүнээс аль болох татгалзаарай.

Шингэнийг хангалттай хэмжээгээр хэрэглэх

Нэг килограмм биеийн жинд 40 мл, хөхүүл хүүхдийн биед 120-150 мл ус хоногт шаардлагатай байдаг. Нэг үгээр хэлбэл ажил хөдөлмөрийн онцлог, байгаль цаг уурын хүчин зүйлээс хамаарч хүн хоногт дунджаар 2.3-2.7 литр ус уух хэрэгтэй. Өглөө өлөн элгэн дээрээ буцалсан ус, ээзгийний шүүс, зөгийн балтай ус, үзэмний шүүс хэрэглэх нь таны хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сэргээх тустай.

Олон нэр төрлийн хүнс хослуулах

Олон төрлийн хүнсийг хослуулан хэрэглэх нь зүйтэй. Хүний биед хэрэгцээтэй уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс бодис , амин дэм, ус зэрэг төрлийн шим тэжээлийн бодисыг үр тариа, мах, хүнсний ногоо, жимс, сүү, сүүн бүтээгдэхүүн, тос зэрэг зургаан бүлэг хүнсний бүтээгдэхүүнээс авдаг юм. Иймд мах, гурил гэх цөөн тооны бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаарай.

Ургамлын гаралтай хүнс түлхүү хэрэглэх

Бүхэл үрийн гурил, жимс жимсгэнэ, хүнсний ногоог өдөр бүр хэрэглэснээр олон төрлийн өвчнөөс сэргийлнэ. Эдгээр нь аминдэм, эрдэс бодис, эслэг зэрэг биологийн идэвхт бодисыг харьцангуй ихээр агуулдаг байна. Эслэг нь ходоод гэдэс, булчингийн үйл ажиллагааг эрчимжүүлдгээс гадна хорт хавдар, зүрх судасны эмгэгээс хамгаалах үйлчилгээтэй.

Сүү, цагаан идээний хэрэглээг эрхэмлэх

Сүү, цагаан идээг тогтмол хэрэглэх нь шүд, ясыг бат бэх болгож, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих тустай. Ялангуяа өсвөр насныхан, жирэмсэн эхчүүд, өндөр настны хоногт хэрэглэх шингэн зүйлийн зонхилох хувийг сүү болон түүгээр хийсэн ундаа эзэлж байх ёстой гэнэ.

Амьтны гаралтай тос хэрэглэх

Энэ нь өсвөр насны хүүхдийн биед нэн чухал хэрэгцээтэй байна. Тодруулбал, хүүхдийн бие бялдар өсөн төлжих, мэдрэлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай гэнэ. Харин нас ахих тусмаа өөх тосыг бага хэрэглэх нь эрүүл мэндэд тустай байна. Учир нь мал амьтны өөх тос нь холестерол ихээр агуулдаг тул зүрх судасны эмгэг, хавдар үүсгэх эрсдэлтэй юм.

Та эдгээр зөвлөмжийг хэсэг хугацаанд мөрдсөний дараа идэх хоол хүнсээ зөв зохистой хэмжээнд хэрэглэж сурсан байх болно.

Танд амжилт хүсье.