Шинэ жилийн баяр болох гээд хүүхдүүддээ бэлэг худалдаж авахаар төлөвлөж байна уу? Тэгвэл хүүхдийн бэлгэнд орох хүнсний бүтээгдэхүүн, худалдаж авахдаа анхаарах зүйлсийн талаарх НМХГ-аас гаргасан зөвлөмжийг хүргэе.

Нэн тэргүүнд хүүхдийнхээ бэлгэнд сонгож буй хүнсний бүтээгдэхүүний он сар, гарал үүслийг сайтар шалгах нь зүйтэй. Хадгалах хугацаа дуусаагүй, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдаагүй, хүүхэд хэрэглэхийг зөвшөөрсөн хүнсийг сонгох нь илүү аюулгүй байх болно.

Нэг уут бэлгэнд жүүс, жигнэмэг, чихрэн бүтээгдэхүүн, шоколад зэргээр ойролцоогоор зургаан нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн ордог. Гэвч эдгээр бүтээгдэхүүнд ойролцоогоор 412 грамм сахар агуулагддаг гэнэ.

Гэтэл ЭМЯ-с гаргасан зөвлөмжид насанд хүрсэн хүний өдрийн сахарын хэрэглээ 25 грамм байгаа юм. Иймд аль болох чихэр багатай эрүүл хүнсийг сонгох нь чухал байна.

Хүүхдийн бэлгэнд сонгохоос татгалзах хүнс:  

  • Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс
  • Амталсан төмс, хатаасан эрдэнэ шиш, хийжүүлсэн ундаа, түргэн хоол болон амт оруулагч ихтэй хүнс
  • Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг нүүрс ус ихтэй бүтээгдэхүүн
  • Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан кремтэй бүтээгдэхүүн
  • Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан бүтээгдэхүүн

Хэрэв та дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй боосон бэлгийг авах гэж байгаа бол он сар, сав баглаа боодол сайтар шалгаж авсанаар бяцхан үрсээ аливаа өвчнөөр өвдөх эрсдэлээс сэргийлэх болно.

Учир нь жил бүрийн шинэ жилийн үеэр дэлгүүр болон супермаркетууд хугацаа нь дууссан бэлэг боосон гэх асуудал үүсдэг. Жишээ нь өнгөрсөн жилийн НМХГ-ын шалгалтаар шаардлага хангахгүй нөхцөлд хадгалсан болон хугацаа нь хэтэрсэн 74 нэр төрлийн, 448 ширхэг бүтээгдэхүүнийг хураасан байна.

Эдгээрийн дийлэнх нь ундаа, жүүс, сок, гаа, бохь, шоколад, набор, кисель, чокопай, резинэн чихэр, модтой чихэр, тоглоомтой чихэр байжээ.