Хүүхдийн автобус төсөл хэрэгжүүлэх тухай санал танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд 245 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 137 нь төрийн өмчийн, 108 төрийн бус юм.

Өнгөрсөн оны байдлаар нийслэлийн ЕБС-д суралцаж буй сурагчдын 53.9 хувь нь явганаар, 28.3 хувь нь нийтийн тээврээр, 17.4 хувь нь хувийн автомашинаар үйлчлүүлдэг байна. Гэвч үүнээс үүдэн зохиомол түгжрэл үүсэж, замын хөдөлгөөний ачааллыг нэмэгддэг гэдгийг албаныхан хэллээ.

Тиймээс хөдөлгөөний оргил ачааллын үеэр сурагчдыг тээвэрлэх төлөвлөлтийг боловсруулсан байна. Тодруулбал, нийслэлийн дөрвөн зүгээс нийт 12 тээврийн хэрэгсэл өглөө, өдөр, орой гэсэн цагийн хуваарийн дагуу 5-10 минут тутамд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Үүнд 60 орчим сая төгрөг шаардлагатай гэнэ.

Сонирхуулбал, өнгөрсөн онд 59, 74, 109-р сургуулиудад хүүхдийн автобус олгосон байна. Мөн Нийслэлийн боловсролын газраас 2018-2019 оны хичээлийн жилд долоон дүүргийн төрийн өмчийн 31, төрийн бус өмчийн 21 сургуулийн 6784 сурагчийг 130 автобусаар тээвэрлэж байгаа юм.