ЕБС, цэцэрлэгийн хүүхдийн автобусны стандарт хангалт, тав тух, аюулгүй тээвэрлэлтийн шалгалтыг энэ сарын 13-17 өдрүүдэд Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн боловсролын газартай хамтран хийхээр болжээ.

Стандартын дагуу хүүхдийн автобус нь 12-аас доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангиллын, мэргэшсэн жолооч байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой байна.

Шалгалтын явцад шаардлага хангаагүй зөрчил дутагдал илэрсэн сургууль, цэцэрлэгүүдэд албан мэдэгдэл, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж хуулийн дагуу хариуцлага тооцох юм.

Засгийн газрын хуралдаанаар батлагдсан 11 сараас мөрдөгдөх замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд хүүхдийн автобусны талаар тусгасан юм.

Тодруулбал, хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэхэд зөвхөн автобус ашиглах, суудал бүр хамгаалах бүстэй байх, “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдэг бүхий автобусны жолооч хүүхэд буулгах, суулгах үед ослын дохионы гэрэл асаах, энэ үед бусад жолооч хурдаа хасч, анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож өнгөрүүл гэжээ.