Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зохион байгуулах Монгол хүүхдүүд сэдэвт тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Сонгон шалгаруулалтад Монгол улсын иргэн, ААН, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, хамтарсан мэргэжлийн баг төсөл боловсруулан оролцох боломжтой. 

Төсөл ирүүлэхдээ өмнө нь зохион байгуулж байсан соёл, урлагийн чиглэлийн томоохон үйл ажиллагааны товч мэдээлэл болон найруулагчийн ур чадварыг илтгэх танилцуулгыг ирүүлнэ.

Мөн зургадугаар сарын нэгний тоглолтын хөтөлбөр, найруулгын саналаа боловсруулан төсөл хэлбэрээр битүүмжлэн гуравдугаар сарын зургааны 17:00 цагаас өмнө Нийслэлийн соёл, урлагийн газрын бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө.

Сонгон шалгаруулалтад төсөл ирүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Нийтийг хамарсан томоохон шоу тоглолт, эвент арга хэмжээний хөтөлбөр найруулгыг хариуцан зохион байгуулж байсан туршлагатай, мэргэжлийн хүн байх;
  • Хөтөлбөр найруулгын агуулга нь иргэд, олон нийт, хүүхэд багачуудын сэтгэхүйд нийцсэн, үндэсний өв соёл, түүхэн уламжлалыг орчин цагийн урлагтай хослуулсан агуулгатай байхын зэрэгцээ нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан 2017 онд бүтээсэн Монгол Хүүхдүүд сэдэвт үлгэрийн баатруудын дүрүүдийг тусгасан байх;
  • Тоглолтын тайзны засал чимэглэл, хөгжмийн дуугаралт, гэрэл болон дүрсний эффект зэргийг хөтөлбөр найруулгатайгаа уялдуулан гаргасан байх;
  • Тайзны хөтөлбөр талбайн зохион байгуулалтыг хүүхэд багачууд, иргэд, жуулчид, сэтгүүлчдийн болон хүндэт зочдын аюулгүй байдал, тав тухыг хангасан байхаар төлөвлөх;
  • Хөтөлбөрийн үргэлжлэх хугацааг зургадугаар сарын нэгний 11:00-13:00 цагт үндсэн хөтөлбөр, 13:00-18:00 цагт чөлөөт хөтөлбөр байхаар төлөвлөсөн байх;
  • Хөтөлбөр найруулгад багтсан уран бүтээлчдийн урамшуулал, бусад ажлын төсвийг үнэн зөв бодитоор тооцож гаргасан байх;
  • Өмнөх жилүүдийн Монгол Хүүхдүүд сэдэвт тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулгатай давхцуулаагүй байх;

Сонгон шалгаруулалтын дүнг ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажлын тав хоногт гаргах ба шалгарсан төсөлтэй хамтран ажиллана.