УИХ-ын гишүүн З.Нарантуяа хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “УИХ-ын гишүүд хуулийг нь баталж, мөнгийг нь хуваарилсан байхад хүүхэд хамгааллын байдал сайжирсан дүнтэй харагдахгүй байна. Би УИХ-ын гишүүний хувиар Ерөнхий сайдад хандаж, хүүхэд хамгааллын чиглэлээр асуулга тавьсан” гэлээ.

Гэвч асуулгын хариуд, хүүхдийн эсрэг захиргааны зөрчил 25 хувиар өсч, хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэг огт буураагүй байна. Тиймээс хүүхэд хамгааллын сэдвээр УИХ нээлттэй сонсгол хийх санал тавина гэж мэдэгдлээ.

Сүүлийн үед хүүхэдтэй холбоотой нийгмийг сэртхийлгэсэн гэмт хэргүүд гарсаар байгаа юм. Улмаар хүүхдийн хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авахаар Засгийн газраас таван тэрбум төгрөг төсөвлөсөн ч ихэнхийг нь сургалтад зарцуулсан байна.  

“Нээлттэй сонсгол хийснээр уг мөнгийг хүүхэд хамгаалах асуудалд хэр үр дүнтэй зарцуулсныг дүгнэнэ” гэж УИХ-ын гишүүн З.Нарантуяа ярилаа.

Хэрэв төсөвлөсөн мөнгийг буруу зарцуулсан бол дараагийн удаад алдаагаа давтахгүйн тулд яах талаар хэлэлцэх гэнэ. Одоогийн байдлаар нээлттэй сонсгол явуулах саналыг УИХ-ын эмэгтэй гишүүд дэмжсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч төрийн байгууллагын хүмүүстэй уулзаж, хүүхэд хамгаалалтай холбоотой зөрчилд үр дүн гаргаж ажиллахыг сануулсан юм.

Сануулбал, өнгөрсөн оны байдлаар 0-14 насны 261 хүүхэд  гадны нөлөөтэйгөөр нас барсан бол энэ оны эхний хагас жилд 110 хүүхэд амь насаа алджээ.