Монголын хүүхдийн спортын VI наадам Буянт-Ухаа спорт ордонд эхэллээ. Тус наадамд аймаг дүүргээс шалгарсан 5600 өсвөрийн тамирчин спортын 34 төрлөөр өрсөлдөж байгаа ба өнгөрсөн оноос эхлэн хоёр жил тутамд зохиогддог болсон юм. 

Спортын наадмын нээлтэд ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн ба цаашид Засгийн газар биеийн тамир, спортоор дамжуулан хүүхэд залуусыг ирээдүйдээ итгэл үнэмшилтэй, эрүүл чийрэг иргэн болгон төлөвшүүлэхэд онцгой анхаарна гэж мэдэгджээ. 

Наадмын зохион байгуулалтад зохион байгуулах хороо, ажлын хэсгийн 70 хүн, сайн дурын ажилтан 120, шүүгч 424 хамрагдан ажиллаж байна. 

Тэмцээнүүд энэ сарын 15-нд дуусах ба тэмцээний үед тамирчин хүүхдийг нийтийн тээврээр үнэгүй зорчих, Богд хааны ордон музей, Үлэг гүрвэлийн төв музей, Монголын үндэсний музей, Монголын театрын музейг үнэгүй үзүүлэх юм.