Хүүхэд, гэр бүл залуучуудын хөгжлийн газраас энэ жилийн зуслангийн өдрийн үнийг 30-35 мянган төгрөгөөр тогтоожээ. Харин бусад орны хүүхдүүд 80 мянган төгрөгийн төлбөртэйгөөр амрах юм байна.

Гэхдээ тухайн зуслангийн ээлж хэд хоногтой гэдгээс хамаарч, харилцан адилгүй төлбөр төлөх ба дунджаар долоо хоногийн 210-240 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Нийслэлийн хэмжээнд 35 зуслан байгаагийн 21 нь үйл ажиллагаа явуулах эрхтэй байна.

Гэвч үйл ажиллагаа явуулах эрхээ авсан боловч хүүхэд хүлээн авах эсэх нь тодорхойгүй зуслангууд байгаа гэж Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын мэргэжилтэн Г.Ариунгэрэл хэллээ. Тухайлбал, Хөгжилтэй англи хэл хүүхдийн зуслан энэ жил амрагч хүлээн авахгүй гэсэн бол Төмөр замын харьяа Хандгайт зуслангийн засвар шинэчлэлийн ажил дуусаагүй байна.

Түүнчлэн зөвшөөрөлгүйгээр хүүхдүүд хамруулсан зуслан болон хүүхдүүдийн хамрагдсан зуслангаас ямар нэгэн зөрчил илэрсэн бол Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт мэдэгдэхийг зөвлөлөө.

Өнгөрсөн жил хүүхдийн зусланд амрах тариф өдрийн 28-30 мянган төгрөг байсан бол энэ жил үнийн өсөлттэй холбоотойгоор нэмэгджээ. Сүүлийн жилүүдэд зусланд амрах хүүхдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд 2018 онд давхардсан тоогоор 23 мянга гаруй хүүхэд зусланд амарсан байна.