Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт судлаач, АТГ, төрийн болон ТББ-ын төлөөллүүд оролцсон байна. Боловсролын салбарын авлига нь мөнгөөр үнэлж боломгүй хохирол учруулдаг гэдгийг АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү хэлжээ.

Боловсролын салбартай холбоотой тендерийг хууль бусаар зохион байгуулах, тендерт шалгарсан компани тухайн ажлыг дутуу гүйцэтгэсэн байхад яамнаас санхүүжилт олгох, хуурамч диплом гаргаж өгөх нэрээр мөнгө завших, сургуулийн багш, сурагчдаас мөнгө хураах, сургуульд, цэцэрлэгт ажилд орохын тулд захиралд авлига өгөх зэрэг гомдол ихээр ирдэг байна.

Иймд авлигаас урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажил чухал байгааг дурдаад авлигатай холбоотой мэдээллийг хуулийн байгууллагад зайлшгүй мэдээлэх ухамсрыг иргэдэд суулгах шаардлагатай гэнэ.

Сонирхуулбал, манай улсын авлигын индек 2017 онд ухарч 180 орноос 103 дугаарт бичигдсэн байна. Тодруулбал манай улс 2016 онд 87-д жагсаж байсан юм.