Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу мэргэжилтнүүдээс тайлбар авлаа.

Сургуулийн орчны аюулгүй байдал, өдөр өнжүүлэхийн стандарт, хүүхэд хамгааллын хөрөнгө юунд зарцуулагддаг талаар асуулт иргэдээс ихээр иржээ.

Тиймээс энэ талаар БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаас лавлахад, “Их эрсдэлтэй үнэлэгдсэн сургууль улсын хэмжээнд 65 байна. Тиймээс эрсдэлийн үнэлгээний дагуу дээвэр, цахилгаан, сантехник зэргийг шинэчлэн засварлахад түлхүү анхаарна” гэсэн юм.

Харин өдөр өнжүүлэхийн хувьд ЕБС дотор үйл ажиллагаагаа явуулж байгаад л хяналт тавих боломжтой. Сургуулиас гадуурх орчинд ажиллаж буй өдөр өнжүүлэхэд хяналт тавихын тулд стандарт шаардлагыг шинэчилж байгаа гэлээ.

Түүнчлэн хүүхэд хамгааллын салбарт энэ онд 6.4 тэрбум төгрөг суулгасан ба үүнийг холбогдох байгууллагуудад хуваарилсан байна.

Үүнээс "17-18 сая төгрөгийг эцэг эхийнхээ өрийн барьцаа болон Хятадад орхигдсон хүүхдүүдийг эх оронд нь авчрахад зарцуулсан" гэж Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх мэдэгдсэн юм.

Уулзалтын төгсгөлд ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар санаанд хүрэхгүй, хангалтгүй ажилласан гэдгийг Ерөнхийлөгч анхааруулж байна.

Сануулбал, Ерөнхийлөгч наймдугаар сарын 30-нд хүүхэд хамгааллын байгууллагын төлөөлөлтэй уулзан дээрх асуудлаар ярилцаж, цэцэрлэгийн хоолны илчлэгийг нэмэхийг даалгасан юм.