Гурав хүртэлх насны хүүхэд ялангуяа 1.5-2.5 настнууд бие биенийгээ хазах нь элбэг байдаг. Хазах рефлекс нь хүүхдийн шүдний ургалт, гэр бүлийн орчин, мэдрэмжээ илэрхийлж сураагүйтэй холбоотой байна. Тиймээс тань хүүхдэд бусдыг хазаад байвал шүдний эмгэг байгаа эсэхийг оношлуулах нь зүйтэй. Хүүхэд бусдыг хазах нь дараах дөрвөн шалтгаантай байна.

Өөрийгөө илэрхийлэх чадвар сул хүүхэд 

Сайн ярьж чаддаггүй, ярианы хөгжил тааруу хүүхэд бусдыг хазах нь түгээмэл байдаг ба тоглохыг хүссэн эсвэл тоглож байсан тоглоомыг найз нь авахад бухимдлаа гаргах болон өөрийгөө хамгаалж хаздаг гэнэ. Тиймээс энэ тохиолдолд хазсан хүүхдийн нүд рүү харж буруу гэдгийг нь ойлгуулан хазуулсан хүүхдэд тоглоомыг үлдээх хэрэгтэй байна. Ингэснээр хүүхэд хазах нь үр дүнтэй арга биш гэдгийг мэдэрдэг гэнэ. 

Сэтгэлийн зовуурь ихтэй хүүхэд  

Хүүхдийн гэр бүл хэрүүл маргаан, зөрчил ихтэй эсвэл дүүтэй болсон үедээ ядарсан, өлссөн гэдгээ түрэмгийгээр илэрхийлдэг байна. Ийм хүүхдэд тусгайлан цаг гаргаж тоглоомоор нь хамтран тоглох, өвөр дээрээ тэвэрч суулгаад ном уншиж өгөх зэргээр илүү ихээр хамт байх хэрэгтэй. 

Хэт их эрч хүчтэй хүүхэд 

Олон хүүхдийн дунд өөртөө зай талбай гаргахын тулд эсвэл хэт шуугиантай үед бусдыг түлхэх, хазах үйлдэл ажиглагддаг байна. Тиймээс хүүхэд яг ямар үед хазаад байгааг ажиглаж, өдөр бүр тогтмол цагт 15 минут гүйлгэж алхуулж байх нь зүйтэй. Ялангуяа аав ээж нь уралдаж тоглох нь үр дүнтэй бөгөөд тоглоомоо ээлжилж тоглон бусдаас булаалгүй авсан үеийг нь анзаарч уйгагүй урамшуулах хэрэгтэй.

Хэт их сэтгэлийн хөдөлгөөнтэй хүүхэд 

Энэ төрлийн хүүхэд хэт их баярласан, бухимдсан, өхөөрдсөн үедээ найзыгаа хазахыг оролддог байна. Тиймээс хүүхдийг тайвширтал тэвэрч "Ямар ч үед найзыгаа хазаж болохгүй, хазах нь найзыг өвтгөдөг” гэдгийн ойлгуулах шаардлагатай.

Харин гурваас дээш настай хүүхэд бусдыг болон өөрийгөө хазах үйлдэл давтагдаж байвал тухайлан анхаарч цаг зав гаргахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Хэрэв ингээд ч үр дүнд хүрэхгүй бол мэргэжлийн хүнд хандах нь зүйтэй. Аливаа зүйлийг хүүхдэд ойлгуулахын тулд хэрхэвч гарч хүрч, зодож болохгүй юм шүү.

Хүүхэд аз жаргалтай, эрүүл энх байг.