Манай улс Америкийн Эрчим хүчний яамтай хамтран цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах зорилго бүхий төслийг хэрэгжүүлж, хилийн 15 боомтод цацрагийн хяналтын 80 төхөөрөмжийг суурилуулан ашиглаж байгаа юм.

Тэгвэл уг төслийн хүрээнд Америкийн Эрчим хүчний яамнаас 2.1 сая доллар буюу 5.2 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг цацрагийн хяналтын төхөөрөмж буцалтгүй тусламжаар өглөө.

Төхөөрөмжүүдийг энэ сарын 21-нд хүлээн авсан бөгөөд Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудалд суурилуулж, ирэх 11-р сарын нэгний дотор ашиглалтад хүлээлгэж өгөх юм байна.

Эдгээр хяналтын төхөөрөмж нь цөмийн материалын хууль бус шилжилт хөдөлгөөнийг хянах, хяналтаас гадуурх цөмийн материал, цацраг идэвхт бодисыг хугацаа алдалгүй олж илрүүлэх зэрэгт хяналт тавих гэнэ.

Олон улсын атомын энергийн агентлагийн мэдээллээс үзэхэд 1993 оноос хойш цөмийн зэвсгийн зориулалтаар ашиглагдаж болох нийт 18 төрлийн материал бүртгэгдсэн төдийгүй эдгээрийг худалдаж авах, худалдаалах, ашиглах зэрэг хууль бус оролдлого 450 гаруй удаа илэрчээ. Иймд улс орнууд энэ чиглэлд хяналт шалгалтаа өндөржүүлж байгаа юм.

Дашрамд дурдахад, Монгол улс 1992 онд Цөмийн зэвсэггүй бүс болох санаачилга гарган олон улсад зарласан бөгөөд улмаар 1998 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас дэмжсэн юм. Ингэснээр манай улс цөмийн зэвсэггүй бүс статусыг бий болгож чадсан байна.

Зураг: Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар