Хятадын засаг захиргааны онцгой бүс Макао-д зохиогдсон Ой тогтоолтын нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Уг тэмцээнд зургаан орны 90 гаруй тамирчид хоёр өдрийн турш өрсөлдсөнөөс манай улсын 12 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцсон байна. 

Улс бүрийн шилдэг тамирчид ой ухаанаа уралдуулан 80 багц медалийн төлөө өрсөлдсөн бөгөөд манай улсын тамирчид 14 алт, 20 мөнгө, 23 хүрэл буюу нийт 58 медалийг нь хүртэж багийн нийлбэр дүнгээр 17533 оноогоор аваргалжээ.

Түүнчлэн ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр Монголын оюун ухааны академийн тамирчин, ОУХМ Э.Пүрэвжав 6588 оноогоор нийт тамирчдаа тэргүүлж аварга болсон бол удаах байрт их мастер Б.Лхагвадорж шалгарсан байна. Өсвөр насны ангилалд шинэ тамирчин Б.Энхбаясгалан, Дархан-Уул аймгаас оролцсон тамирчин Ц.Эмүжин нар II, III байрыг тус тус эзэлжээ.

Харин бага насны ангилалд Орхон аймгийн тамирчин А.Должин тэргүүлж Б.Энхлүүн нийлбэр оноогоор III байрт орсон бол тус насны ангилалд өрсөлдсөн Б.Жамбалбаряням зурган төрөлд таван минутад 330 зураг тогтоон дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон байна. Мөн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, олон улсын шүүгч Б.Баасандорж Азийн холбооны шилдэг дасгалжуулагчаар шалгарч цом хүртжээ.

Ийнхүү манай улсын тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Автри, Индонези, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 54 дэх тэмцээндээ амжилттай оролцон медалийнхаа тоог 937 болгож, амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.