Олон хоногоор урт дараалалд оочерлодог явдлыг арилгаж, арын хаалга, мөнгөний асуудлыг цэгцлэх үүднээс иргэд пэйж хуудас нээн түүгээрээ дамжуулан онлайнаар бүртгүүлж, виз мэдүүлж байжээ.

Харин Хятадын үндэсний баяртай холбоотойгоор хэсэг хугацаанд визийн мэдүүлгийг зогсоож өнгөрсөн Даваа гарагаас дахин мэдүүлж эхэлсэн байна. Гэвч өнгөрсөн сарын 28-нд Хятадын элчингийн хамгаалалтын албаны дарга солигдсоноос үүдэн онлайнаар бүртгүүлэх явдлыг зогсоосон гэх хуурамч мэдээлэл цацжээ.

Уг мэдээллээс үүдэн зарим иргэд Даваа гарагаас эхлэн өмнөх шигээ элчингийн үүдэнд оочерлож эхэлсэн байна. Улмаар энэ нь онлайнаар бүртгүүлсэн болон оочерлосон иргэдийн дунд зөрчил үүсгэлээ.

Виз мэдүүлэгчдийн пэйж хуудасны админ  Б.Эрдэнэ-Сувд “Өмнөх хамгаалалтын албаны дарга нар онлайн бүртгэлийг зөвшөөрчихсөн байсан. Харин н.Алтаншагай гэх шинэ дарга солигдсоноор будлиулсан” гэлээ.

Уг пэйж хуудас нь наймдугаар сараас олнайнаар бүртгэж нийт 17 удаагийн оролттой нэг сая 800 гаруй хүний асуудлыг шийджээ. Харин элчин гадна зогсож байсан иргэдийн мэдэгдэж буйгаар хамгаалалтын албаны шинэ дарга гэх н.Алтаншагай “хонож өнжиж оочерлосныг нь оруулна” гэж мэдэгдсэн байна.

Үүнийг нь иргэд Хятадын элчинд бугшчихаад байсан мөнгө авч оочер дараалал дайруулдаг, танил талаа оруулдаг асуудалтай холбон тайлбарлаж байлаа.

Тэр ч бүү хэл онлайнаар бүртгэж эхлэхээс өмнө өдөрт орох ёстой 89 хүнийг доод тал 200 мянган төгрөгөөр оруулдаг мөнгөний бизнес дэлгэрчихсэн байсныг нотлох хүн олон байгаа гэдгийг Б.Эрдэнэ-Сувд хэллээ.

Одоогоор онлайнаар бүртгүүлж, оочер дараалал авсан 2800 гаруй хүн байна.