“Хямдарсан бараанд НӨАТ өгөхгүй, энэ бол НӨАТ хасагдсан үнэ” гэх зэргээр еbarimt өгөхөөс татгалздаг  байгууллага олон байдаг. Зарим иргэд ч НӨАТ-ын 10 хувиа хасуулан худалдан авалт хийх нь элбэг. Тэгвэл НӨАТ-ын баримтыг үйл ажиллагаа явуулж буй байгууллага бүр өгч, иргэд нэхэж авах ёстой гэдгийг албаныхан хэллээ.

ТЕГ-ын татвар төлөгчидтэй харилцах газрын улсын байцаагч Ц.Ундармаа хэлэхдээ, “баримт олгохгүй байна гэдэг нь өөрөө зөрчил. Бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр олгосон ч хуульд зааснаар баримт өгөх үүрэгтэй. Хэрэв төлбөрийн баримт олгоогүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно” гэлээ.

Гэхдээ жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрсэн НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн ААН, байгууллага баримт олгох юм байна.

Хэрэв аливаа нэг байгууллага НӨАТ-ын баримт хэвлэж өгөөгүй, өгөхөөс татгалзвал иргэд 1800-1288 дугаарын утсанд холбогдон гомдол мэдүүлэх эрхтэй юм. Ингэхдээ олон салбартай байгууллагын аль салбар гэдгийг тодорхой мэдүүлэх шаардлагатай байна.

Сануулбал, НӨАТ-ыг буцаан олголтыг жил бүрийн нэгдүгээр улиралд өгдөг бөгөөд 2017 онд 6117 иргэний мэдээлэл зөрүүтэй байсан учир буцааг олголтоо авч чадаагүй байна. Харин энэ жилийн хувьд 362.832.639 баримт хэвлэгдсэний 238.737.388 баримт баталгаажжээ.