Машины тань хянах самбар дээр анхааруулах гэрэл асаж байна уу? Тэгвэл тэдгээр гэрлүүд нь хөдөлгүүрийн эргэлт, хөргөлтийн шингэний температурын заалт, маслын даралт зэргийг заахаас гадна ямар нэгэн эвдрэл доголдол гарсан болохыг анхааруулдаг байна. Тиймээс хянах самбар дээр асдаг анхааруулах гэрлийн талаар багахан мэдээлэл хүргэе.

O/D OFF -Over Drive Off

Нэмэлт удирдлагаар асна. Энэхүү гэрлийг унтрааж явбал 1- 4 араа хүртэл автоматаар солигддог байна. Хэрэв гэрлийг унтраахад анивчиж байвал яаралтай засварын газарт хандах нь зүйтэй.

A/T OIL TEMP-Auto transmission Oil Temperature

Энэ бол автомат хурдны хайрцгийн тосны температурыг хянадаг гэрэл. Хэрэв хурдны хайрцгийн шингэний температур хэт өссөн тохиолдолд асна. Иймд арааг P-д шилжүүлэн хөдөлгүүрийг хөргөх хэрэгтэй.

VSC- Vehicle Stability Control

Эргэлтийн үед машин шарвахаас хамгаалсан систем. Машин 15 км/ц дээш хурдтай явах үед автоматаар идэвхжиж ажиллана. Харин ABS болон хөдөлгүүрийн удирдлагын системд гэмтэл гарсан тохиолдолд байнга асна.

TPWS-Tire Pressure Warning System

Дугуйны хийн даралт өөрчлөгдсөн эсвэл өөр размерын дугуй тавьсан тохиолдолд асна.

TRC OFF-Traction Control Off

Шавар халтиргаатай замд дугуйг хий эргэхээс хамгаалсан систем. Түлхүүрээ түлхэхэд асах бөгөөд машин ассан тохиолдолд уг гэрэл автоматаар унтрах ёстой. TRC OFF гэсэн удирдлагыг идэвхжүүлсэн үед хянах самбарт уг гэрэл асах бөгөөд дугуй хий эргэх магадлалтай. Харин системд алдаа гарсан тохиолдолд байнга асна.

Cruise Control

Жолооны хүрдний ойролцоо байдаг нэмэлт удирдлагаар асна. Шулуун болон хурдны замд хурдыг тогтвортой хадгалах систем. Үүнийг идэвхжүүлсэн үед хаазан дээр гишгэх шаардлагагүй бөгөөд тогтмол хурдаар явдаг байна. Энэ үед тормос гишгэн хурдыг сааруулж болно. CANCEL товчыг дарж идэвхгүй болгосноор анхааруулах гэрэл унтарна.

Water trap warning light

Дизель түлшний усыг ялгаруулдаг системийн усны хэмжээг заасан гэрэл. Их хэмжээний устай тохиолдолд уг гэрэл асна. Хэрэв гэрлийг асаалттайгаар удаан явбал түлшний насос шатаж хөдөлгүүр эвдрэх аюултай. Тиймээс хамгийн түрүүнд түлшний шүүрийг сольж цэвэрлэх хэрэгтэй.

Brake fluid level too low

Гар тоормос болон тоормосны шингэний хяналтын гэрэл. Гар тоормос буулгасан үед асаж байвал шингэнийхээ хэмжээг шалгаарай. Шингэн MINIMIUM хэмжээнд хүрсэн тохиолдолд дугуйн наклад нимгэрэх аюултай байна.

Electronic Control Transmission Power

Энэхүү гэрэл асаалттай үед хөдөлгөөнийг үргэлжлүүлбэл автомат хурдны хайрцгаар хүч нэмэгдүүлж, арааны шилжилт түргэсдэг байна. Ингэснээр бензин зарцуулалт их болно.

Econo

Энгийн явж байгаа үед уг гэрэл асвал хөдөлгүүрийн бензин зарцуулалт хэмнэлттэй горимд байгааг илтгэж байна гэсэн үг. Харин хөдөлгүүрийн өндөр эргэлтэд автоматаар унтарна.

Electronic Control Transmission Snow

Уг тохиргоог цастай, халтирах замд ашиглана. Тус гэрлийг асаасан үед араа солигдолт удааширдаг байна. Гэхдээ машинаа унтраагаад асаах үед тохиргоо идэвхгүй болдгийг анхаараарай.

Airbag Warning Light

Ослын хийн дэр. SRS (Аirbag) эсвэл аюулгүйн бүсэд алдаа гарсан тохиолдолд асна. Ассан тохиолдолд яаралтай мэргэжлийн засварчинд хандаарай.

Anti-Lock Brake System

Тормослолтын үед дугуй халтирахаас хамгаалсан систем. Түлхүүрээ нэг түлхэхэд асах бөгөөд машин ассаны дараа унтрах ёстой. Хэрэв ABS системд өөрчлөлт гарсан тохиолдолд байнга асах ба энэ тохиолдолд компьютер оношлогоонд орох шаардлагатай.

Battery Warning Light

Түлхүүрээ хоёр түлхэхэд асч, хэсэг хугацааны дараа унтрах ёстой. Хэрэв цэнэглэх систем динамын ремень, гал хамгаалагч алдаатай байвал байнга асна. Энэ тохиолдолд мэргэжлийн засварын газар хандах нь зүйтэй.