Apple компаний гүйцэтгэх захирал Тим Күк худалдааны дайнаас үүдэн Хятад дахь борлуулалт буурч есөн тэрбум долларын алдагдал хүлээж магадгүйг хөрөнгө оруулагчиддаа анхаарууллаа. Күкийн мэдэгдлээс хэдэн цагийн өмнө компаний хувьцаа найман хувиар унасан байна.

Хятадын өнгөрсөн жилийн эдийн засгийн өсөлт 1990 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлттэй байсан бөгөөд энэ жил улам дордох төлөвтэй байгаа гэнэ. Дэлхийн хоёр дахь том зах зээлтэй Хятад улс ийнхүү хямрах болсон нь худалдааны дайн болон өрийн хэмжээ өссөнөөс болжээ.

Apple-ын орлогын гол үүсвэр нь iPhone ухаалаг утас бөгөөд өнгөрсөн 7-9 сарын хугацаанд нийт орлогын 60 хувийг дангаараа бүрдүүлсэн байна.

Хятадын борлуулалтаас гадна iPhone X, XS, XS Max загваруудыг ойрхон худалдаанд гаргаснаас болж худалдан авалт буурсан нь Күкийн санааг зовоож байгаа гэнэ.

Мөн долларын ханш өссөн нь iPhone-ы гадаад худалдааны үнийг өсгөсөн ба 2017 онд хуучин загварын iPhone-ыг албаар удаашруулж байгаа гэх шүүмжлэлд өртсөнөөс болж iPhone 6-аас хойших загваруудын батарейг маш хямд буюу 29 доллараар солих зэрэг шийдвэр нь компаний борлуулалтад сөргөөр нөлөөлсөн байна.

Үүнээс үүдэн iPhone-ы зарим сэлбэг нийлүүлэгчид өнгөрсөн 11-р сард нийлүүлэлтээ зогсоосон юм. iPhone-ы худалдаа буурахын хэрээр үнэ нь өссөн бөгөөд Apple компани цаашид улирал бүрт худалдсан iPhone-ы тоог зарлахаа болино гэдгээ өнгөрсөн 10-р сард мэдэгдсэн байна.

Эх сурвалж: The verge, CNN