Хятадын импортын татвар буурсантай холбогдуулан Apple компани тус улсад худалдаалагдах бүтээгдэхүүнийнхээ үнийг гурван хувиар буурууллаа. Тухайлбал, 64GB багтаамжтай iPhone XS утас 1220 доллар буюу үндсэн үнээсээ 74 доллараар хямд зарагдах гэнэ.

Мөн Gucci, Hermes, Louis Vuitton брэндүүд Хятад дахь бүтээгдэхүүний үнээ гурван хувиар бууруулсан байна. Түүнчлэн автомашин үйлдвэрлэгч BMW, Mercedes-Benz компаниуд хэд хэдэн загварын үнийг бууруулж магадгүй гэжээ.

Хятад эдийн засгаа сайжруулахын тулд энэ сарын нэгнээс эхлэн үйлдвэрлэл, зам тээвэр, барилгын салбарын компаниудад тавих энэ оны импортын татвараа хоёр сая триллион орчим юаниар бууруулсан юм.

Apple компаний гүйцэтгэх захирал Тим Күүк өнгөрсөн нэгдүгээр сард Америк, Хятадын худалдааны дайн өнгөрсөн жилийн Хятад дахь iPhone утасны борлуулалтад нөлөөлсөн гэж мэдэгдсэн юм. Мөн тэрээр Америкийн долларын өндөр ханшаас болж Америкаас бусад оронд худалдаалагдах iPhone утасны үнийг буулгана гэж Reuters агентлагт ярьжээ.

Apple компаний бүтээгдэхүүний Хятад дахь худалдаа сүүлийн гурван жилийн турш унаж байгаа ба сүүлийн хагас жилд л гэхэд 20 хувиар буурсан байна. Үүнд мөн Хятадын хямд, өндөр технологийн ухаалаг утас үйлдвэрлэгч Хуавэй, Оппо, Виво, Шиаоми зэрэг компаниуд нөлөөлж байгаа гэнэ.

Apple компаний нийт бүтээгдэхүүний 15 гаруй хувь нь Хятадын зах зээлд борлуулагддаг бөгөөд Хятад, Хонг Конг, Тайваний сүүлийн хагас жилийн борлуулалт өнгөрсөн жилийнхээс 27 хувь буюу 13.2 тэрбум доллараар буурчээ.

Эх сурвалж: Reuters, CNN, CNBC