Хятадын засгийн газар 18-аас доош насны хүүхдийг 22:00-08:00 цаг хүртэл онлайн тоглоом тоглохыг хориглолоо. Харин ажлын таван өдөр 90 минут, амралтын болон нийтийн амралтын өдрүүдэд гурван цаг тоглох боломжтой юм. 

Мөн 8-16 насны хүүхдүүд 200 юань, 16-18 насныхан 400 юаниас илүүгүй мөнгийг онлайн тоглоомонд зарцуулж болох ба тоглоом тоглохдоо зөвхөн жинхэнэ нэр, гэрчилгээний дугаар ашиглах ёстой байна. 

Үүнээс гадна онлайн тоглоом хөгжүүлэгч компаниуд эцэг эхчүүдэд зөвлөмж хүргүүлэх шаардлагатай юм. Мөн хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан болон мөрийтэй тоглоомыг хориглох гэнэ. Онлайн тоглоом бага насны хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлдөг гэх судалгаа бий.  

Нийгмийн сүлжээ хэрэглэгчид уг хоригийг үр дүнтэй болох эсэхэд эргэлзэж байгаа юм. Учир нь хүүхдүүд эцэг эхийнхээ өмнөөс онлайн тоглоомны хаяг нээх магадлалтай байна. Иймд Хятадын засгийн газар агентлагууд хамтарч илүү найдвартай бүртгэл болон тоглоомонд зарцуулж буй цагийн хянах систем бүтээхээр ажиллаж байгаа юм. 

Эх сурвалж: BBC, The guardian