Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин Шанхай хотод зохиогдож буй олон улсын импортын үзэсгэлэн худалдааг нээж үг хэлэхдээ “импортын татварыг бууруулж зах зээлээ өргөжүүлнэ” гэдгээ мэдэгдлээ.

Мөн тэрээр боловсрол, харилцаа холбоо, соёлын салбарын хөгжлийг хурдасгахын зэрэгцээ гадаадын компаний ашиг сонирхлыг хамгаалж оюуны өмчийн зөрчилд авах арга хэмжээг сайжруулна гэв.

Ингэснээр Хятад ойрын 15 жилд нийт 30 триллион долларын бараа, 10 триллион долларын үйлчилгээ импортоор авах төлөвтэй байгаа гэнэ.

Хятад өнгөрсөн онд нийт 1.84 триллион долларын импортын бараа авсны 500 тэрбум гаруй нь Америкаас нийлүүлжээ. Гэвч Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Хятадыг оюуны өмчийн хулгай хийж байгаа гэснээс болж хоёр улс худалдааны дайнтай байгаа юм.

Үүнээс болж Америк Хятадын 250 тэрбум долларын импортын бараанд татвар ногдуулсан бол Хятад үүний хариуд 110 тэрбум долларын импортын татвар оноосон билээ.

Трамп энэ сард болох Их 20-ын уулзалтын үеэр Ши Жинпинтэй уулзаж худалдааны дайныг зөөллөх талаар ярилцах юм. Хэрэв тэд үүгээр тохиролцоонд хүрч чадахгүй бол Хятадын 267 тэрбум долларын импортын бараанд татвар ногдуулна гэдгээ мэдэгдсэн байна.

Хятад Шанхай хотноо энэ сарын 5-10 -ны хооронд зохиогдож буй  уг үзэсгэлэнгээр дамжуулан олон улсын чөлөөт худалдааг дэмжиж импортын чадавхаа сурталчлах зорилготой аж. Үүнд дэлхийн 140 орны 3600 гаруй компани оролцож байгаагаас Японы 404, Америкийн 136 компани бүтээгдэхүүнээ танилцуулах гэнэ.

Мөн үзэсгэлэнг Орос, Пакистан зэрэг 17 орны ерөнхийлөгч, ерөнхий сайд нар үзэж сонирхох бол Америкийн нэг ч төлөөлөгч ирэхгүй юм байна.

Эх сурвалж: Reuters, CNBC