Хуурамч эртний эдлэл зарж байсан сүлжээг цагдаагийн байгууллагаас илрүүллээ. Цагдаа нар “Хятадын иргэд эртний эдлэл зарж байна” гэх мэдээллийн дагуу шалгалт хийхэд Хятад иргэд алтан шаргал өнгөтэй 127 ширхэг ембүү, суугаа хүний дүрстэй дөрвөн ширхэг металл зүйл, Хятадын цаасан болон төмөр мөнгө хадгалж байжээ.

Тэд “Хятадын Мин гүрний үеийн эртний эд зүйлс Монголоос олдсоныг зарна” гэх зар тавьж, сонирхсон иргэдэд Хятадад зарагддаг бэлэг дурсгалын зүйлийг өгч залилан хийж байсныг тогтоосон байна.

Хураагдсан ембүүний 10 орчмыг голоор нь хуваахад зарим нь 15 грамм шижир алттай байжээ. Эдгээр хуурамч эд зүйлсийг аравдугаар сарын гурванд каргогоор оруулж ирэхдээ цагаан тугалга, зэс, төмөр, цайрын орц найрлагатай бэлэг дурсгалын эд зүйл хэмээн гаальд мэдүүлсэн байна. 

Дээрх бүлэглэл нь Камбож, Франц, Орос, Тайланд зэрэг улс руу удаа дараа зорчиж байсан нь тогтоогдсон ба улс дамнаж залилан мэхлэх гэмт хэрэг үйлддэг байх магадлалтай гэнэ. 

Иймд эртний эдлэл сонирхогчид энэ төрлийн эд зүйлс худалдан авахдаа анхаарал болгоомжтой хандахыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.