Америкийн шүүхээс Донг Юан Ли гэх Хятад эмэгтэйд цагаачлалын хууль зөрчиж, худал виз мэдүүлсэн хэргээр 15 жилийн ял оноолоо. Мөн 800 мянган долларын хадгаламж, 500 мянган долларын үнэ бүхий байшин болон Мерседес Бенз машиныг хураажээ. 

Цагдаа нар Донг Юан Лигийн дансанд гурван сая долларын орлого орсныг шалгаж эхэлсэн ба өнгөрсөн 12-р сард түүнийг баривчилсан байна. 

Тэрээр Калифорни мужид амьдардаг бөгөөд 2013-2015 онд You Win USA аяллын компаниараа дамжуулан Хятадын чинээлэг иргэдэд хүүхдээ Америкийн иргэншилтэй болгох зөвлөгөө өгдөг байжээ. Үүний тулд Америкийн цагаачлалын албаны шалгалтыг хэрхэн давах, жирэмсэн гэдгээ яаж нуух талаар сургалт явуулж, 40 мянгаас 80 мянган долларын хөлс авдаг байжээ. 

Компаний сайтад бичсэнээр 500 гаруй үйлчлүүлэгчийг зуучилсан ба Америкийн иргэншилтэй болсноор засгийн газарт нь ажиллах боломжтой гэх зэргээр сурталчилсан байна. Мөн хилийн хяналт хамгийн сул гэгддэг Хавай арал руу ирэхийг зөвлөдөг байсан ба тэндээс Лос Анжелес руу явуулж орон байраар хангадаг байжээ. 

Хятадын жирэмсэн эмэгтэйчүүд аяллын визээр Америк ирж хүүхэд төрүүлснээр хүүхэд нь шууд Америкийн иргэншил авдаг байна. Америкт хүүхэд төрүүлэх нь хууль бус биш ч хуурамч виз мэдүүлэх нь гэмт хэрэг юм. 

Эх сурвалж: BBC, Daily caller