Америкийн Орегон мужийн коллежийн хоёр Хятад оюутан Apple компанийг залилахаар оролджээ. Янъян Чжоу, Куан Цзян нар Хятадаас 20-30 хуурамч iPhone утас авчраад Apple-ын Америк дахь үйлдвэрээр засуулах эсвэл шинээр солиулан Хятад руу явуулж ашиг олох гэж байжээ.

Гэмт этгээдүүд Apple руу хүсэлт гаргахдаа өөрсдийн болон ойр амьдардаг найзуудынхаа гэрийн хаягийг ашигласан бөгөөд Цзяны нэр дээр л гэхэд 3069 засварын хүсэлт ирсэн гэнэ. Apple компани үүний 1493-ыг нь баталж 895.800 долларын засвар үйлчилгээ хийх гэж байжээ.

Харин Холбооны прокурорын газар Цзяныг хуурамч бараа тээвэрлэж залилан хийхээр оролдсон, Чжоуг экспортын бичиг баримтыг худал мэдээлүүлсэн гэх хэргээр баривчилсан байна.

Сүүлийн жилүүдэд хуурамч iPhone-ууд жинхэнэтэйгээ илүү адилхан болж байгаа ба Apple-ын техникчид ч ялгахад хүндрэлтэй болсон гэдгийг компаний зүгээс мэдэгджээ.

Америкийн жижиглэн худалдааны хорооны мэдээлснээр 2017 онд Америкийн компаниуд баталгаа, буцаалтын журмын дагуу 17 тэрбум долларыг залилуулсан байна.

Эх сурвалж: QZ, ABC