Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Хонг Конгт болж буй жагсаалд Америк оролцоогүй ба Хятадын цэргүүд Хонг Конгийн хил дээр ирсэн гэж мэдэгдлээ. 

Тэрээр энэ талаар твиттер хуудаснаа, “Яагаад Хонг Конгт үүсээд буй асуудалд намайг, Америк улсыг бууруутгаад байгааг ойлгохгүй байна. Хятадын засгийн газар Хонг Конгийн хил рүү цэргүүдээ явуулсан гэж манай тагнуулын алба мэдэгдсэн” гэжээ. 

Харин Хятадын Глобал таймс агентлаг Хонг Конгийн хилийн ойролцоох Шэньжэн хотод Хятадын арми цэргийн сургуулилт хийхээр бэлтгэж байгаа ба Хонг Конгийн жагсаалтай холбоогүй гэж мэдээлсэн байна. 

Америкийн дипломат өнгөрсөн долоо хоногт Хонг Конгийн жагсаалын удирдагчидтай уулзсан нь тус жагсаалд Америк тусалж байгаа гэх буруу ойлголтыг төрүүлжээ. Гэвч Америкийн төрийн департаментын мэдээлснээр уг уулзалт дипломатуудын өдөр тутмын ажлын нэг хэсэг байсан гэнэ. 

Эх сурвалж: RT, SCMP