Голландын гаалийн газар Роттердамын усан онгоцны зогсоолоос 90 мянган шил архийг хураан авчээ. Гурван мянган хайрцаг бүхий эдгээр архийг Хятадын Коско шиппин компаний усан онгоцоос илрүүлсэн бөгөөд Хойд Солонгос руу тээвэрлэсэн байх магадлалтай гэнэ.

Европын холбоо болон Америк, Хятад зэрэг орнууд цөмийн туршилт хийсэн, НҮБ-ын тогтоолыг зөрчсөн гэх үндэслэлээр Хойд Солонгост хориг тавьсан бөгөөд үүнд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний импорт багтдаг юм.

Хятад Хойд Солонгосын хамгийн том худалдааны түнш гэгддэг ч 2017 онд нүүрс, шатахуун, бөс барааны импортод хориг тавьсан байна.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Швейцарьт сурч байсан бөгөөд тансаг амьдралд дуртай гэдгээрээ алдартай. Тэрээр 2011 онд өв залгамжилснаасаа хойш Хятадаас дөрвөн тэрбум долларын тансаг зэрэглэлийн импортын бараа худалдан авсан байна.

Мөн Ким Жон Уны гэр бүл 2017 онд Хятадаас далайн онгоц, хөгжмийн зэмсэг, бугуйн цаг, үслэг эдлэл зэрэг тансаг зэрэглэлийн бараа худалдан авсан бөгөөд энэ нь Хойд Солонгосын нийт импортын 17.8 хувийг эзэлжээ.

Эх сурвалж: CNN, The Guardian