Хятадын Хэбэй мужийн шүүх 54 настай Ли Яншиа гэх эмэгтэйг сүрдүүлэг, луйвар, нийгмийн хэв журам алдагдуулсан хэргээр 2.67 сая юаниар торгож, 20 жилийн ял оноолоо. Тэрээр 118 өнчин хүүхэд өргөж аван асрамжийн газар ажиллуулж байснаараа алдартай юм. 

Шүүхийн мэдээлснээр тэрээр гэмт хэргийн бүлэглэлтэй нийлж асрах газраараа дамжуулан луйвар хийдэг байжээ. 

Үүнээс гадна түүний найз залуу Шу Киг мөн нийгмийн хэв журам алдагдуулсан, луйвар хийсэн, бусдын биед гэмтэл учруулсан хэргээр 1.2 сая юаниар торгож 12.5 жилийн хорих ял оноосон байна. 

Ли Яншиа олон хүүхэд өргөж авсан гэдгээрээ 2006 онд алдартай болсон юм. Түүний хуучин нөхөр хүүг нь хүний наймаачдад 7000 юаниар зарсан бөгөөд азаар хүүгээ эргүүлэн авч чаджээ. Улмаар үүнээс хойш бусад хүүхдүүдэд туслах зорилгоор асрамжийн газар нээсэн гэж Ли Яншиа хэвлэлд ярьсан байна. 

Үүнээс хойш тэрээр Хэбэй мужийн хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн нэг болтлоо хөлжжээ. 

Харин өнгөрсөн оны тавдугаар сард  цагдаа нар түүний нэр дээр Лэнд Ровер, Мерседес бенз зэрэг тансаг зэрэглэлийн машин, дансанд 20 сая юань байгааг илрүүлсэн ба 2011 оноос хойш хууль бус ажиллагаа явуулж байсныг нь тогтоожээ. 

Үүнээс гадна барилгын компаниудыг сүрдүүлж мөнгө авах ажилд өргөж авсан зарим хүүхдүүдээ ашиглаж байсан аж. 

Түүнийг өнгөрсөн оны тавдугаар сард саатуулсан ба асрамжийн газарт үлдсэн 74 хүүхдийг улсын асрамжинд шилжүүлсэн байна. 

Эх сурвалж: BBC, FOX