Хятадын Шанхай хотын Руйжин эмнэлгийн эмч нар тархины гүний эмчилгээг анх удаа хар тамхинд донтсон хүнд хийжээ.

Паркинсоны өвчин зэрэг үе мөчний гажгийг засахад ашигладаг уг арга нь өвчтөний гавлын ясанд жижиг нүх гарган тархины донтсон хэсэгт электродууд, цээжинд нь батарей суулгадаг байна. Ингэснээр өвчтөний тархин дахь электродууд идэвхжих үед аз жаргалтай болох мэдрэмж төрдөг гэнэ.

Хагалгааны анхны өвчтөн Ян гэгч нь 2011 оноос хойш метамфетамин хэрэглэж байгаа ба муу зуршлаа хаяхын тулд өөр хот руу нүүж ардын эмчилгээ ч хийлгэж байжээ. Гэвч хар тамхиа хаяж чадаагүй ба улмаар тархины хагалгаа хийлгэхээр шийдсэн байна. Ян хагалгаа хийлгээд зургаан сар болж байгаа ба энэ хугацаанд хар тамхи татаагүй гэнэ.

Гэвч уг хагалгаа нь тархинд цус харвах, саажилт өгөх, халдвар авах, зан араншинд өөрчлөлт орсноор өвчтөн эргээд хар тамхинд орох эрсдэлтэй гэж эмч нар хэлжээ.

Хятадын хар тамхины эсрэг хуулийн дагуу хар тамхинд донтогчдыг албадан хөдөлмөр эрхлүүлэх зэрэг эмчилгээний арга барил хэрэглэдэг юм. Сүүлийн үед тус улс дахь хар тамхинд донтогчдын тоо өссөнөөс болж Засгийн газар болон эмнэлгийн багаж хэрэгсэл үйлдвэрлэгч компаниуд тархины хагалгааны судалгаанд хөрөнгө оруулах болжээ.

Эх сурвалж: ABC, All thats interesting