Хятадад үйлдвэрлэсэн дронууд нислэгийн үеийн нууц мэдээллээ засгийн газартаа явуулдаг байх магадлалтай гэж Америкийн нутгийн аюулгүй байдлын департамент мэдээллээ.

Мөн Хятадын дрон худалдан авахдаа интернет сүлжээг нь унтраах, аюулгүйн дижитал картыг нь салгах зэрэг урьдчилсан арга хэмжээ авахыг хэрэглэгчдэд сануулсан байна.

Мэдэгдэлд ямар нэг компаний нэрийг дурдаагүй ч Америк, Канадад ашиглагдаж байгаа дронуудын 78 хувь, олон улсад ашиглаж байгаагийн 74 хувь нь Шэньчжэнь мужийн DJI үйлдвэрийнх юм. Тус үйлдвэр нь Пантом дроноороо алдартай бөгөөд 2017 онд 2.7 тэрбум долларын ашиг олжээ.

Харин DJI компаний зүгээс үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг дамжуулдаггүй ба хэрэглэгчид  өөрсдөө мэдээллээ 100 хувь хянадаг гэж мэдэгджээ.

DJI компаний дронууд мэргэжлийн камер, хялбар программтай учир Америкийн сонирхогчид болон албан байгууллагуудын дунд борлуулалт өндөртэй байдаг юм. Мөн орон нутгийн цагдаагийн газраас эхлээд Дотоод байдлын департамент хүртэл DJI компаний дронуудыг ашиглаж байжээ.

Америкийн засгийн газар гадны технологийн компаниудыг улсынх нь аюулгүй байдалд хор хөнөөл үзүүлж болзошгүй гэж үзэж байна. Тиймээс ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт Америкийн компаниудыг Хятадын Хуавей компанитай хамтарч ажиллахыг нь хориглосон юм. Учир нь тус компани хэрэглэгчдийнхээ мэдээллийг Засгийн газартаа өгдөг гэж үзсэн байна.

Америкийн арми 2017 онд DJI компанийг Хятадын засгийн газарт мэдээллээ худалддаг гэж үзэн хориг тавьж байжээ.

Эх сурвалж: CNN, Engadget