Хятадын шинэ хуулийн дагуу Ням гарагаас эхлэн шинэ утасны дугаар авсан хүн бүр царай таних төхөөрөмжид бүртгүүлдэг боллоо. Уг хуулийг өнгөрсөн есдүгээр сард баталсан ба бүх үүрэн телефоны операторыг хиймэл оюун ухааны бүртгэлийн системд шилжихийг Засгийн газраас үүрэгдсэн юм. 

Хятадын үйлдвэр, мэдээллийн яамны хэлснээр уг хууль интернет хэрэглэгчдийн эрх, ашгийг хуулиар хамгаалж, гар утасны луйвраас сэргийлэх зорилготой гэнэ. 

Хятадын гар утас хэрэглэгчид өнгөрсөн оноос хойш ашиглаж буй дугаараараа нүүр царайгаа бүртгүүлж эхэлсэн юм. Мөн ихэнх нийгмийн сүлжээ хэрэглэгчдийг хаягаа гар утсаараа бүртгүүлэхийг шаардах болжээ. 

Хятадын дунд сургууль, консертын танхим, нийтийн тээвэр зэрэг олон нийтийн газарт нүүр царай таних технологийг ашиглах болсон нь иргэдийн мэдээллийн аюулгүй байдалд эргэлзээ төрүүлэх болжээ. 

Улмаар өнгөрсөн 11-р сард нэгэн сургуулийн профессор Ханзоу муж дахь амьтны хүрээлэн үйлчлүүлэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүй авсныг эсэргүүцэн шүүхэд гомдол гаргасан байна. 

Мөн оюутнуудын ирц, идэвхийг хянах зорилгоор Нанжин мужийн их сургуулийн ангид царай таних төхөөрөмж суурилуулсныг эцэг эхчүүдийн эсэргүүцлийн дагуу өнгөрсөн есдүгээр сард буулгасан юм. 

Эх сурвалж: The guardian, CNN