Өвөрмонголын хэвлэлийн албаны дарга Хань Юньшян, Хятадаас Монголд суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх Ли Вэй, НЗДТГ-аас Хятад орныг танин мэдэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Уг арга хэмжээ ирэх сарын 2-6-нд зохиогдох ба уран сайхны тоглолт, гэрэл зургийн үзэсгэлэн, ном хэвлэл, уран сайхны кино, олон ангит уран сайхны кино солилцоо зэрэг арга хэмжээ зохиогдох юм. 

Мөн анагаах ухааны үнэгүй оношилгоо, аялал жуулчлалын танилцуулга, спортын нөхөрлөлийн тэмцээн зэрэг найман төрлийн 21 арга хэмжээ болно.

Хятад орныг танин мэдэх соёлын цуврал арга хэмжээ нь Хятад, Монголын сайн хөршийн нөхцөл байдалд тулгуурлаж, соёлын солилцоогоор дамжуулж, эдийн засаг худалдаа зэрэг бүх салбарын харилцаа хамтын ажиллагааг бататгаж, хөгжих зорилготой байна.

Манай улс Хятадтай 1949 онд дипломат харилцаа тогтоосон ба 2018 оны байдлаар худалдааны эргэлт 6.37 тэрбум долларт хүрчээ. Цаашид хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцааг шинэ агуулга хэлбэрээр хөгжүүлж, 2020 он гэхэд худалдааны нийт эргэлтийг 10 тэрбум долларт хүргэх зорилт тавьсан юм.