Шинжиан мужийн Уйгур үндэстний эсрэг хүчирхийлэлтэй холбоотой Хятадын 28 байгууллагыг Америк хар жагсаалтад орууллаа. Үүнд Шинжианы олон нийтийн аюулгүй байдлын хороо болон Засгийн газрын 19 жижиг агентлаг, Hikvision, Dahua Technology, Megvii Technology зэрэг найман компани байгаа юм. Үүнээс Hikvision компани нь хяналтын систем үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг байна. 

Ингэснээр эдгээр байгууллагууд Америкийн засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Америкийн компаниас бүтээгдэхүүн худалдаж авах хориотой юм. 

Хятадын засгийн газар Исламын шашинтай Уйгарчуудыг хорих лагерт байлгаж хүчирхийлэл үйлдэж байгаа гэж хүний эрхийн байгууллагууд үздэг юм. Харин Хятадын тал уг лагерыг хэт даврагчидтай тэмцэх сургалтын төв гэж тайлбарладаг байна. 

Энэ нь Хятадын компаниудад тавьж буй анхны хориг биш ба Америкийн засгийн газар өнгөрсөн тавдугаар сард Хятадын засгийн газарт мэдээлэл өгдөг гэх үндэслэлээр Хуавей компанид хориг тавьсан юм. 

Америк, Хятад улсууд худалдааны дайнтай байгаа ба энэ долоо хоногийн сүүлээр Вашингтон хотноо хэлэлцээр хийнэ. 

Эх сурвалж: BBC, The guardian