Америкийн засгийн газар Шинжиан мужийн Уйгурчуудын хүчирхийлэлтэй холбоотой Хятадын засгийн газар, Коммунист намын гишүүд болон тэдний гэр бүлийнхэнд визний хориг тавилаа. 

Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдэлдээ “Хятадын засгийн газар Уйгур болон бусад Исламын шашинтай үндэстний цөөнхийн эсрэг хүчирхийлэл үйлдэж байгаа” гэжээ. Тухайлбал, тэднийг бөөнөөр нь хорьж өндөр технологийн хяналтын систем ашиглан соёл уламжлал, шашинг нь хязгаарлаж байгаад Хятадыг буруутгасан байна. 

Иймээс Хятадын засгийн газрыг Шинжиан мужид Уйгурчуудын эсрэг явуулж буй хүчирхийллийг зогсоож, хоригдсон иргэдийг суллахыг Америк шаарджээ. Үүний хариуд Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан, “Америкийн хэлсэн шиг хүний эрх зөрчигдсөн асуудал байхгүй. Энэ бол Америкийн засгийн газар Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцох гэсэн шалтаг” гэжээ. 

Америк Даваа гарагт Уйгурчуудын асуудалтай холбоотой Хятадын 28 байгууллагыг хар жагсаалтад оруулсан юм. 

Эх сурвалж: BBC, The guardian