Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лиг буюу NBA-г ивээн тэтгэдэг Хятадын 11 компани хамтын ажиллагаагаа цуцаллаа. Тухайлбал, Хятадын хамгийн том аяллын сайт CTrip NBA-тэй холбоотой бүх тасалбар, бүтээгдэхүүнээ зогсоосон бол Тencent, CCTV компаниуд NBA-н тоглолтуудыг шууд дамжуулахгүй гэсэн байна. 

Мөн Хятадын хамгийн том сүүний үйлдвэр Mengniu Dairy, арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Wzun, Хөгжлийн банк болон спорт хувцасны Ли Нинг зэрэг компаниуд NBA-тэй хамтын ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгджээ. 

Энэхүү асуудал өнгөрсөн амралтын өдрүүдэд Хьюстон Рокетс багийн ерөнхий менежер Дарил Мори Хонг Конгийн жагсаалыг дэмжиж буйгаа твиттерээр дамжуулан илэрхийлснээс болсон юм. Улмаар NBA лигийн комиссар Адам Силвер ч Моригийн үг хэлэх эрх чөлөөг дэмжсэн ба тоглогчид, ажилчид, багийн эзэд юу хэлэхийг NBA хянах боломжгүй гэж мэдэгджээ. 

Хятадын зах зээл NBA лигийн орлогын 10 хувийг бүрдүүлдэг ба энэ нь 2030 онд 20 хувьд хүрнэ гэсэн төлөв байдаг. 

Хятадын нийгмийн сүлжээний хэрэглэгчид NBA-н тоглолтыг Хятадад хийхийг эсэргүүцэж байгаа ба Шанхай хотын спортын хороо Лхагва гарагт сагсан бөмбөгчдийн гарын үсэг зурах өдөрлөгийг цуцалжээ. Гэсэн ч Лос Анжелес Лакерс, Бруклин Нетс багууд Пүрэв гарагт Шанхай хотноо тоглох юм. Харин Хятадын хэд хэдэн олны танил эрхмүүд Пүрэв гарагийн тоглолтыг үзэхгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: CNN, CNBC