Хятадын эрдэмтэд Гуандон мужийн хоёр арал дээр туршилт явуулж Азийн бар гэх шумуулын тоо толгойг 94 хувиар бууруулсан байна. Ингэхдээ тэд бага зэргийн цацраг идэвхит бодисоор эм шумуулыг үр тогтоох чадваргүй болгож эр шумуулыг нь нянгаар өвчлүүлжээ. Улмаар эм шумуулны тоо толгой бараг устаж хүн хазах тохиолдол 97 хувиар буурсан байна. 

Гэхдээ энэ нь шумуулны тоо толгойг бууруулсан анхны тохиолдол биш юм. Лондоны Эзэн хааны коллежийн эрдэмтэд 2018 онд ген өөрчлөх аргаар эм шумуулыг үр тогтоох чадваргүй болгож байжээ. 

Эрдэмтдийн хэлснээр хор цацах, усанд цацсан өндгийг нь арилгах зэрэг аргаар Азийн бар шумуулны тоо толгойг бууруулахад хэцүү юм. Уг шумуул нь хурдан үрждэг бөгөөд сүүлийн 40 жилд Азиас бусад тив рүү тархсан байна. 

ДЭМБ-ын мэдээлснээр шумуул нь халуун хумхаа, чичрэг зэрэг үхлийн аюултай халдварт өвчнийг тараах чадвараараа дэлхийн хамгийн аюултай амьтдын нэг юм. 

Хятадын Гуанжоу мужид 2014 онд халуун хумхаа өвчин гарч энэ нь шумуулаар дамжин 37350 хүнд халдаж байжээ. Мөн энэ онд Филиппинд гарсан халуун хумхаанаас болж 450 хүн амиа алдсан байна. 

Одоогоор шумуулаар дамждаг халдварыг эмчлэх вакцин, эмчилгээ байхгүй ба зөвхөн шумуулны тоо толгойг хязгаарлах арга хэмжээ авч байгаа юм. 

Эх сурвалж: CNN, SCMP