Хятадын хүмүүнлэгийн тусламж ачсан Супарна нисэх компаний онгоц Венесуэлийн нийслэл Каракас хотод газардсан талаар Венесуэлийн харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Уг онгоцод эм тариа, мэс заслын багаж зэрэг хоёр сая хайрцаг эмнэлгийн хэрэгсэл байгаа ба эдгээрийг Венесуэлийн засгийн газрын агентлагуудаар дамжуулан эмнэлгүүдэд хүргэх юм байна.

Венесуэлийн эдийн засаг доройтсоноос болж ард иргэд хоол хүнс, эм тарианы хомсдол, цахилгааны хязгаарлалтад ороод байгаа юм.

Хятад өнгөрсөн гуравдугаар сард 120 цэрэг, 65 тонн эмнэлгийн хэрэгсэл бүхий тусламжийн онгоцыг Венесуэл руу илгээсэн байна.

Хятадын тал сөрөг хүчин болон Америк зэрэг орнуудын эсэргүүцлийг үл хайхран Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог дэмжиж байгаа юм. Мөн сүүлийн 10 жилд Венесуэлээс газрын тос авч хариуд нь 50 тэрбум гаруй долларын зээл өгчээ.

Мадуро сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог дэмжиж буй Америк, Колумб, Бразил зэрэг орны илгээсэн тусламжийг хил давуулаагүй ч өнгөрсөн сард Улаан загалмайн 14 цахилгаан генератор, 5000 литр нэрмэл ус, гурван хагалгааны хэрэгсэл бүхий тусламжийн эхний цувааг хүлээн авсан юм.

Мөн өнгөрсөн гуравдугаар сард Оросын 100 гаруй цэрэг, зэвсэг ачсан хоёр онгоц Венесуэлд ирсэн гэж Цагаан ордон мэдээлжээ.

Эх сурвалж: CNN, RT